МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ
2023.10.24
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

100 мянган иргэний дэмжсэн саналыг УИХ-ын даргад хүргүүллээ

Улсын Их Хурлын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжих агуулгатай санал авах үйл ажиллагааны үр дүнг өнөөдөр Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

10 дугаар сарын 17-ны өдөр системд байршуулсан уг саналыг 6 хоногийн хугацаанд 100 мянган иргэн дэмжиж, саналаа цахимаар баталгаажуулснаар уг асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болсон юм.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журамд зааснаар, санал авах үйл ажиллагааны үр дүнг Улсын Их Хурлын Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Улмаар Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай. Байнгын хороо уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрээ шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулна хэмээн дээрх журамд заажээ.

ШИНЭ МЭДЭЭ