ОХУ-Д СПОРТЫН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ ҮҮД ХААЛГА НЭЭЛТТЭЙ
2023.09.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ОХУ-Д СПОРТЫН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ ҮҮД ХААЛГА НЭЭЛТТЭЙ

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ЕВСИКОВ Алексей Николаевичтай дараагийн уулзалтаа хийлээ. Уулзалтанд Монголын талаас Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албан дарга Э.Тэмүүжин, Оросын талаас тус элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Латышева Н.Ю., атташе Сятчихина Т.М. нар оролцов.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх 2022-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасны дагуу биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн зохицуулалт, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, Монгол-Оросын спортын их дээд сургуулиуд хоорондын харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан бэлтгэл сургуулилт зохион байгуулах зэрэг чиглэлээр 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа дүгнэв. Хоёр тал хамтын ажиллагаа эрчимтэй, харилцан ашигтай явагдаж байгааг тэмдэглэсэн. Ялангуяа Улаанбаатар хотноо Оросын уран гулгалтын тамирчдыг оролцуулсан шоу-тоглолт болон уран гулгалтын мастер-класс арга хэмжээ маш амжилттай болж манай орны олон мянган үзэгчдийг сэтгэлд хүрснээс гадна хүүхэд залуучуудын дунд уран гулгалтын спортыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болсныг онцоллоо.

Ноён Элчин сайд ОХУ-ын биеийн тамир, спортын “Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн” (ХБХБ) нормативыг Монгол улсад нэвтрүүлэх боломжтойг дурьдаад бидний зорьж байгаа “Олимпын нөөц” биеийн тамирын төрөлжсөн хөтөлбөртэй сургууль байгуулах ажлыг онцгойлон сайшаав.

Салбар хариуцсан сайдын хувьд спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, спорт менежмент, маркетинг зэрэг чиглэлийн хүний нөөцийн асуудал нь анхаарлын төвд байгааг тэмдэглэн ОХУ-д эдгээр чиглэлээр тэтгэлэгт сургалтад залуучуудыг хамруулахыг хүсэхэд Элчин сайд энэ асуудлыг дэмжиж бүхий арга хэмжээ авахаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас жил бүр манай улсын 620 иргэнд зориулж тэтгэлэгт хөтөлбөр шинээр зарладаг ба тус улсын тэргүүлэх их сургуулиудад монгол хүүхдийг хүлээн авах, шаардлагатай бол орос хэлний бэлтгэл ангид суралцуулах юм байна.

“Манай хоёр улсын хамтын ажиллагааны ямарваа нэгэн хүндрэл бэрхшээлгүй, гэгээлэг хөгжлийн ирээдүйтэй салбарын нэг нь спортын салбар юм даа” хэмээн Элчин сайдын чин сэтгэлээсээ хэлсэн үг манай хоёр орны спортын салбарын олон жилийн түүхтэй найрсаг хамтын ажиллагааг дүгнэсэн хэрэг байлаа.

ШИНЭ МЭДЭЭ