БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ СПОРТЫН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2023.09.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ СПОРТЫН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер АТЕШ-тэй албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр Турк улстай спорт, нийтийн биеийн тамирын салбарын хамтын ажиллагаа, энэ салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцлаа. Юуны өмнө Монгол улс, БНТУлс хоорондын түүхэн холбоо, найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагаа эрчимтэй явагдаж байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн бүтцийн дагуу “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг амжилттай хийж ойрын хугацаанд баталгаажуулах болж байгааг мэдээлэв. Уг хэлэлцээрийн төсөлд Спортын салбарт талууд хоёр улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан спортын тэмцээн уралдаан, зохион байгуулах, ивээн тэтгэх, спортын анагаах ухаан болон допингийн эсрэг арга хэмжээг зохион байгуулах, спортын салбарын төлөөлөл, дасгалжуулагч, биеийн тамирын боловсролын чиглэлээр харилцан туршлага солилцох, тамирчид, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг өөрийн оронд зохион байгуулагдаж буй спортын арга хэмжээнд урьж оролцуулах, холбогдох хууль тогтоом, мэдээ, мэдээллийг харилцан солилцох зэрэг арга хэмжээнүүдийн талаар тусгажээ.

Монголын талаас үндэсний спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий “Хүй Долоон Худаг” төсөлд Турк улсыг хамтран ажиллах санал тавихад Элчин сайд таатай хүлээн авч Турк улсын хамтын ажиллагааны байгууллага TIKA болон Монгол улсын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй тус улсын томоохон барилгын компаниудтай холбож энэ төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар талууд тохиролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ