Хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх шаардлагатай байна
2023.08.15
Орон нутгийн хөгжил

Хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх шаардлагатай байна

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны II хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Ерөнхий сайд, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

Хурлаар аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн, тулгамдаж буй асуудал хийгээд Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд аялал жуулчлалын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудаас танилцууллаа.

Мөн үеэр аялал жуулчлалыг дагасан түр отоглох цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор, стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийн асуудал хөндөгдөж байв. Тодруулбал, 170-250 км зайтай 69 байршилд зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах шаардлагатай гэх тооцоо гарчээ. Эдгээр 69 байршлын үйлчилгээний цогцолбор, түр буудаллах цэгээс нэг цогцолбор 100 хувь ашиглалтад орж, дөрвөн цогцолборын ажил 2023 онд дуусах төлөвлөгөөтэй байна. Харин байгалийн үзэсгэлэнт газруудад нийт 118 отоглох цэг байгуулах боломжтойгоос 34 байршилд байгуулжээ. Хөрсний бохирдлоос сэргийлэх, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд 21 аймгийн аялал жуулчлалын бүсэд стандартын шаардлага хангахгүй 2523 нүхэн жорлон байгааг тогтоосон байна. Ийнхүү 2022-2023 онд 1613 жорлонг буулгаж, Нүхэн жорлон, угаадасны нүх MNS5924:2015 стандартын дагуу нийт 502 эко жорлон болон хуурай технологийн ариун цэврийн байгууламж барьсан талаар албаныхан дурдаж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн гол цөм. Тиймээс Ерөнхий сайдын санаачилсан “Монголд зочлох жил”-тэй уялдуулан зуны болон өвлийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, салбар бүрийг хөгжүүлэх бодлогуудыг урьд хожид байгаагүйгээр өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Мөн Улаанбаатар хотод их хэмжээний хөрөнгө оруулалтыг эрчимтэй татаж, хотын түгжрэл, агаарын бохирдлыг шийдэх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол өвлийн аялал жуулчлал, хот руу чиглэсэн аялал жуулчлал хөгжихөд хүндрэлтэй. Түүнчлэн хотын эргэн тойронд аялал жуулчлалын бүсийг хөгжүүлж, замбараагүй газар олголт болон зөвшөөрөлгүй хашаа татаж, барилга барьдаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна” гэлээ.

Мөн тэрбээр “Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний орц найрлага, давуу тал, хэрэглэх заавар гэхчлэн бүтээгдэхүүний шошгыг олон орны хэл дээр тайлбарлан бичих хэрэгтэй. Жижиг асуудал мэт боловч жуулчдыг хамгийн их төөрөгдүүлдэг зүйл” хэмээж байв.
Аялал жуулчлалын салбарт хамгийн оргил үе нь 5-10 дугаар сарын хооронд байдаг бөгөөд жуулчдын 71 хувь нь энэ үеэр ирдэг байна. Харин өвлийн аялал жуулчлалын тухайд 10.2 хувь нь 11-12 дугаар сард, 18.8 хувь нь 1-4 дүгээр сард ирдэг гэх судалгаа гарчээ.

ШИНЭ МЭДЭЭ