Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна
2023.07.19
Улстөр

Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний эхэнд Хотын дарга үерийн нөхцөл байдалд шуурхай ажиллаж, хохирол багатай даван туулах зохион байгуулалтыг хийсэн Нийслэлийн онцгой комисс, дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, УБЗАА болон УСУГ, УБЦТС-ний удирдлага хийгээд нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 21 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 85 орчим хувьтай байжээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 55 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дүүргүүдийн удирдлагуудаас үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд хохирлын үнэлгээ хийх ажлын явцын талаар тодрууллаа. Дүүргүүд Гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох дэд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд хохирол тогтоох ажил үргэлжилж байгааг хэлж байв. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн 15 зам, талбай, явган хүний 12 зам байна. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 297 өрх үерт автаж, нэг айл гэргүй болсон. Хан-Уул дүүрэгт 68 өрхийн 322 иргэн, Сонгинохайрхан дүүрэгт 47 өрх үерт өртжээ. Үерийн аманд буусан айлуудад тодорхой байршил зааж, нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэлсэн. Гэвч иргэд зааж өгсөн байршлыг голж, нүүхгүй гэж байгааг хэлж байв.

Хотын дарга иргэдийн аюулгүй байдалд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэйг онцоллоо.

4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүллээ

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

 

-Улаанбаатар хот орчимд Туул голын үерийн түвшин 202 см, үерийн аюултай түвшин 260 см бөгөөд долоодугаар сарын 8-ны өглөө 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давсан. Нийслэлийн 26 хорооны 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж үерт өртлөө. 52,965 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. 18 байршилд нийт 14,828 ажилтан, алба хаагч 2203 техниктэй үүрэг гүйцэтгэлээ. Усанд автсан 243 өрхийн 743 иргэнийг нисдэг тэрэг, завиар болон явганаар аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Үерийн ус хальсан болон халих эрсдэлтэй байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр /м3/ элсийг буулгаж, Туул, Сэлбэ голын дагуу элс, хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн. Усанд автсан 144 барилга байгууламжийн 10,880 тонн орчим усыг зөөвөрлөлөө. 16 байгууллагын нийт 870 ажилтан, албан хаагч, сайн дурын иргэдтэй хамтран 324 техник хэрэгсэлтэйгээр 25 байршлын лаг шаврыг шуудайлан, 22.7 сая ам метр талбайг цэвэрлэж, 10,540 тонн лаг шаврыг зөөвөрлөсөн. Долоодугаар сарын 10-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийт 4,259,619 ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг хэллээ.

Долоодугаар сарын 3-17-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 45, аврах ажиллагааны 135, нийт 180 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 71.1 хувиар өссөн үзүүлэлт. Дээрх хугацаанд гал түймрээс 3.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 134 иргэнийг гаргаж, 3809 иргэнийг аварсан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 988, аврах ажиллагааны 247, нийт 1235 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

Ус, хөрсөнд хийсэн 57 дээжээс эерэг сорьц илрээгүй

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

 

-УБЗАА-тай хамтран үерийн усанд автсан орон сууцны барилга, тэдгээрийн гадна зам, талбай, Сэлбэ голын ай сав, суваг шуудуу, далан, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайд хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа. Халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий есөн компани хийсэн.

УСУГ-ын харьяа бохир ус цэвэрлэх долоон байгууламжийн уснаас хими, нян судлалын 28 дээж, нийслэлийн ундны усны зургаан эх үүсвэр, 80 ус түгээх байр, нийтэд ус түгээж буй хувийн эзэмшлийн 11 гүний худгийн уснаас хими, нян судлалын 194 дээж, хөрсний бохирдлын түвшингээр тогтоогдсон нийт 74 цэгээс дээж авч, лабораторид хүлээлгэн өглөө. 57 дээжээс эерэг сорьц илрээгүй буюу асуудалгүй бөгөөд бусад шинжилгээний хариуг хүлээж байна гэв.

Хотын дарга ариутгал, халдваргүйтгэлийг дахин сайн хийхийг санууллаа. Мөн хариуцлагатай байж, Хот тохижилтын газрыг зориулалтын тоног төхөөрөмжтэй ажиллах хэрэгтэйг онцолж байв.

89 барилгад эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөлөө

Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар Ц.Тулга:

 

-Үерийн усны урсгалыг удаашруулж, нэвтрүүлэх чадварыг алдагдуулж байгаа барилга байгууламж, зам, гүүр, далан суваг, шуудуу, голдирлыг өөрчилсөн байдалд хяналт тавьж ажиллалаа. Гамшгийн үед шийдвэр гаргах ажлын зураг, үерийн далангийн зургууд, мөн Сэлбэ, Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу 245 га талбайд өртөж байгаа 734 барилга байгууламжийн судалгааг гаргасан. Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барьсан болон барихаар төлөвлөсөн барилгуудын мэдээллүүдийг гарган ажиллаж байна. Түүнчлэн үер болсон байршлуудад шороо, элс зөөх дөрвөн чиглэлийн маршрутын схем зургийг бэлтгэсэн. Сэлбэ гол дагуух үерийн эрсдэлтэй 18 байршлыг, Туул голын далангийн эрсдэлийн байдлыг тодорхойлсон. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны үерт автаж, зоорийн давхар нь усаар дүүрсэн барилгуудын зурган мэдээллийг гаргаж, усны хэмжээг тооцож, энэ дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллалаа. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран Сэлбэ голын далангийн байдлыг шалгаж, эвдрэл гэмтлийг засах, шинэчлэх чиглэлээр ажиллаж, үерт автсан барилгуудад үзлэг хийлээ. Энэ дагуу 89 барилгад барилгын чанар, аюулгүй байдлын буюу эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөгөө гаргасан хэмээв.   

Үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа цаашид хийх ажлын талаар санал хэлсэн юм. Тэрбээр:

-Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Мөн гүүрэн байгууламжууд стандартын бус, шаардлага хангахгүй байгаа. Үерийн нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд дорвитой арга хэмжээ авмаар байна. Усны голдирол өөрчилж барьсан шатахуун түгээх станцууд бий. 2020 оноос хойш ус их хэмжээгээр тогтдог 27 байршлаас 17-г нь шийдсэн. Энэ жил таван байршилд ажил эхлээд явж байгаа. Мөн үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:

 

-Манай дүүргийн хэмжээнд нэг, 15 дугаар хороо өндөр эрсдэлтэй байсан. Дөрвөн хороог хамарсан таван метрийн өргөнтэй 2 км орчим үерийн даланг босгож, 500 өрхийг нүүлгэн шилжүүллээ. Үерийн эрсдэлтэй газар буусан 550 айл байна. Үерийн аманд буусан айлд эзэмших газар олгосон байна. Тодруулбал, өмчлөх гэрчилгээтэй 158, эзэмших гэрчилгээтэй 312 айл, зөвшөөрөлгүй 80 айл бий. СӨХ-г цэгцлэх хэрэгтэй, ажиллах чадамжгүй СӨХ олон байгаа. Үерийн хугацаанд иргэдээс дөрвөн сая гаруй төгрөг хурааж аваад, дарга нь алга болчихсон байх жишээтэй. Долоодугаар сарын 16-нд 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сэлбэ гол дагуух 17.5 км газрыг цэвэрлэлээ гэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

 

-Тусгай чиг үүргийн байгууллагуудад иргэд, аж ахуйн нэгжээс талархал илэрхийлж байна. Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байгаа. Цахилгааны байгууламжид лаг шавар орох, цахилгаан шат ажиллах боломжгүй болж, ус, цахилгаан өгөхөд хүндрэл үүссэн. Цаашид үер болохоос урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй байна гэлээ.

Бүх дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийсэн

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан:

 

-Үзлэг, засвар, шуурхай үйлчилгээний бригадуудыг ажиллуулж, цахилгаан, шугам сүлжээний тоноглолуудад үзлэг, засвар үйлчилгээг тухай бүр хийж, байнгын хяналт тавьж ажиллалаа. Бүх шугам, дэд станц, цахилгаан тоноглолд ээлжит бус үзлэг хийж, илэрсэн гэмтэл, зөрчлийг арилгасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 434 инженер, техникийн ажилтан, 108 техник хэрэгсэлтэй ажиллалаа. Үер усны аюулаас үүдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын 28 тулгуур унасан, хазайсныг сэргээн босгож, зуслан чиглэлийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гурван тулгуурыг унахаас сэргийлж, суурийг хүчитгэсэн.  Мөн үерт автагдаж болзошгүй 117 дэд өртөөнд үзлэг хийж, 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авсан хэмээлээ.

Гүний худгуудад үерийн ус ороогүй

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү:

 

-Манай газрын хүн хүч, тоног төхөөрөмж горимын дагуу ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 267 хүн, 50 орчим техник хэрэгсэлтэй ажилласан. 218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан. Гэр хорооллын нийт 690 ус түгээх байр болон ус зөөврийн 59 автомашинд халдваргүйжүүлэлт хийн, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цэвэр усны шугам руу бохир ус орсон асуудал байхгүй. Харин иргэн, аж ахуйн нэгжүүд үерийн усыг бохир усны шугам сүлжээнд нийлүүлснээр бөглөрөх, цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээ эрс нэмэгдсэн. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Үерийн үед 219 мянган шоо метр ус ирсэн. Өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна гэлээ.

50 мянган тонн түлш нөөцлөөд байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай байна. Урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн” гэсэн бол Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Шугам сүлжээний засварын ажил 50 гаруй хувьтай байна. Таван байршилд дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байгаа” гэлээ.

Хотын дарга нэгийг нь хийх гээд нөгөөг нь сүйтгэж болохгүй, стандарт, дүрэм, журмаа сайтар баримтлах хэрэгтэйг сануулж байв.

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон “120 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргаснаас одоогийн байдлаар 50 мянган тонн түлш нөөцлөөд байгаа нь 45 хувьтай үзүүлэлт юм. Есдүгээр сарын 1-н гэхэд түлшийг нөөцөлж дуусна” гэлээ.

Үерийн хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, шугам сүлжээний засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоо, судалгааг гарган, танилцуулах.
  • Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа дулааны магистраль шугамын барилга угсралтын ажлыг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгаж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэх.
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн болон инженерийн шугам сүлжээнд хийх урсгал засварын ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
  • Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлж ажиллах.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй, амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийж байгаа зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгалтын явцын талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

ШИНЭ МЭДЭЭ