Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
2023.06.20
Гадаад харилцаа

Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд /2023.06.19/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөв.

Исгэрэх суман дундуур их буу чирэн бартаа ихтэй газраар давхиж яваа хүчирхэг монгол морьдыг дүрсэлсэн энэхүү хөшөө нь Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмнээс илгээсэн дулаан хувцас, хүнс, хагас сая агт морьд, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль зэрэг тусламжийг бэлгэдсэн, хоёр орны харилцааны түүхэнд бичигдсэн хүндэтгэлийн дурсгал болсон байна.

Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тавьж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд ёслол төгөлдөр байрлуулжээ.

“Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Монгол Улс, ОХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ