МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: "Эрдэнэс тавантолгой" IPO хийснээр нүүрс  угаах үйлдвэр, цахилгаан станцаа ч барих боломжтой
2023.06.19
Уул уурхай, Ашигт малтмал

Э.Батшугар: "Эрдэнэс тавантолгой" IPO хийснээр нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станцаа ч барих боломжтой

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-Төсөв үнэхээр нэг их наяд төгрөгийн ашигтай гарав уу. Энэ мөнгийг юунд зарцуулах хэрэгтэй гэж та харж байна. Халамжид зарцуулаад байх нь хэр зохимжтой юм бэ?

-Төсвийн орлого төлөвлөснөөс дээгүүр гарлаа. Ер нь Засгийн газар нүүрсний хулгай, төмөр замын хулгай, Хөгжлийн банк хэрэг зэрэг томоохон хулгайтай тэмцэж эхэлсний үр дүнд Монгол Улсад орох гадаад валют нэмэгдсэн. Мөн олон жилийн дараа төлбөрийн тэнцэл эерэг гарсан. Түүнчлэн ковидын дараа эдийн засгаа нээсэн Азийн хамгийн анхны улс болсон. Үүнтэй холбоотойгоор эдийн засаг сайжирсан. Тухайлбал, компаниудын орлого болоод, НӨАТ-ын орлого төлөвлөснөөс давсан. Ингээд төсөв ашигтай гарлаа. Түүнчлэн ДНБ өнгөрсөн онд 4.8 хувиар, энэ оны эхний улиралд 7.9 хувиар өссөн. ДНБ ийнхүү өсч байгаа учраас төсөв автоматаар өсч байна. Учир нь аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдсэн.

Статистикаас харвал манай улсын эдийн засаг өнгөрсөн онд болон энэ онд өслөө. Хамгийн гол нь энэ өсөлт иргэдийн халаасанд хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Мэдээж аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдэж байгаа ч энэ нь иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна. Тиймээс энэ давсан төсвийг иргэдийн халаасанд оруулах хамгийн бололцоотой нөхцөл нь төрийн албан хаагчийн цалинг нэмэх

Түүнчлэн тэтгэврийн зөрүүг арилгаж тэтгэврээ нэмэх. Энэ нь хэд хэдэн давуу талтай. Эдийн засгийн том онолоороо нийт эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Мөнгө эдийн засагт орохоор үржүүлэлтийн системээр явдаг. Тэтгэвэр, цалин нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний худалдан авалт нь өснө. Ингээд тухайн талхны цех, дэлгүүрийн орлого ч нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр төрд төвлөрөх татварын орлого нэмэгдэнэ. Магадгүй тухайн үйлчилгээний байгууллага, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд ажлын байр бий болно, нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ зэрэг олон нөлөөг авч ирдэг.

-Цалин нэмж байгаа гол зорилго нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа...

-Эдийн засгийн макро өсөлтийг микро түвшинд авч ирж байгаа зүйл гэж хэлбэл илүү ойлгомжтой болох байх.

-Энэ арга хэмжээ нь инфляцийг өдөөсөн үйлдэл болохгүй юу?

-Эдийн засгийн онолоор яривал эрэлт өсвөл нийлүүлэлтээ нэмэх ёстой. Манай улс нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд гадаад валютын орлогоо л нэмэгдүүлэх ёстой. Тэгж байж ханшаа тогтвортой түвшинд барина. Харамсалтай нь манай улс хэрэглээний барааныхаа дийлэнхийг импортоор авдаг. Тиймээс импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөнгөний зах зээл дээр ам.доллар хангалттай байж ханш тогтвортой байх боломжтой.

Эсвэл ам.долларын ханш суларч төгрөгийн ханш чангарах боломжтой болно. Яг үүнтэй зэрэгцээд манай улс нүүрсээ биржээр зараад эхэллээ. Өнөөдрийн байдлаар 25 гаруй сая тонн нүүрс олборлосон байна. Нүүрсний хулгайтай тэмцэж эхэлснээс хойш нүүрсний орлого Монголын эдийн засаг руу шууд орж байна. Өмнө нь тодорхой бүлэг этгээдүүдийн халаас руу орж, тэр мөнгө нь Хонгконг, Сингапурын ч гэдэг юм уу гадны оффшор данс руу ордог байсныг болиулсан. Ингэснээр манай улсын бодит эдийн засаг руу орж эхэлж байгаа нь өнөөдөр бидэнд мэдэгдэж байна шүү дээ.

Сүүлийн хоёр сарын хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 100 төгрөгөөр чангарлаа. Энэ бол нүүрсний хулгайн мөнгө манай бодит эдийн засагт орж ирсний илрэл. Тиймээс бид нүүрсний экспортоо эрчимжүүлэх хэрэгтэй. Засгийн газар энэ жил 50 сая тонн нүүрс экспортолно гэж тодотголд оруулсан. Энэ төлөвлөгөөндөө бүрэн хүрнэ гэсэн итгэлтэй байна. Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замуудаа барьчихлаа. Холболт нь одоогоор дутуу байна. Удахгүй холбох байх. Өнөөдрийн байдлаар экспортлох ёстой 50 сая тонн нүүрсний талыг нь гаргачихсан байна. Тиймээс зорилтдоо хүрэх бүрэн боломжтой. Ингэснээр эрэлтэд нийцсэн нийлүүлэлтээ хангаж чадсанаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй. Харин тэр өсөлт нь ДНБ-ий өсөлт болж хувирна.

-Яг энэ үед үнэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй байж чадах уу. Бодитой юу?

-Хоёр зүйл яригдана. Нэгдүгээрт, гадаад валютын нөөц 3.8 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс валютын зах зээлээ ам.доллараар хангалттай хангаж чадах хэмжээнд хүрч байна гэсэн үг. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хувьсгал аяны хүрээнд дотоодоосоо хүнсээ бүрэн хангах зорилт хэрэгжиж байна. Үүнд чиглэсэн янз бүрийн зээл, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үр шимээ энэ оны сүүлээр хүртэж эхэлнэ гэж бодож байна.

-Эдийн засгаа өсгөхөд гадаадын хөрөнгө оруулалт чухал. Гэтэл төгрөгийн ханш сул байгаагаас болж хөрөнгө оруулагчдын манайд ирэх сонирхол сул байна. Учир нь ам.доллараа төгрөгөөр солиулж хөрөнгө оруулаад буцаад гарахаар ханшийн алдагдалд орчихоод байна гэх асуудал байна л даа. Ер нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагч 100 ам.доллартай орж ирлээ гэхэд түүнийгээ валютаар хувиргах, ажлын байр бий болгох, оффис түрээслэх гэхчилэнгээр эдийн засгийн идэвхтэй байдалд оруулна. Ингээд 100 ам.доллараа 200 ам.доллар болголоо гэхэд шууд 200 ам.доллараа татаж авна гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд ашгаа авна. Капитал зарчимгүй улсад тэр нь чөлөөтэй. Үүгээрээ ч бид гадны хөрөнгө оруулалтыг татдаг л даа. Бид “Та хууль ёсны мөнгөө Монголд дуртай хэмжээгээрээ оруулж ир. Гарахдаа ч дуртай хэмжээгээрээ гаргаж болно” гэсэн капитал зарчмаар ажилладаг.

Хоёрдугаарт, гадны хөрөнгө оруулалтыг татах асуудал. 2022 онд манай улсад нэг тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон. Үүний 830 сая ам.доллар нь Оюу толгой. Харин үлдсэн 170 сая ам.доллар нь Оюу толгойн бус хөрөнгө оруулалт байсан. Өмнө нь манайд дөрвөн тэрбум төгрөгийн гадны хөрөнгө оруулалт ордог байсан шүү дээ.

Үүний дагуу манай ДНБ 17-18 хувиар өсч байсан. Одоо бол Эдийн засаг, хөгжлийн яамны бүтцэд Гадаадын хөрөнгө оруулалтын газар байгуулагдсан. Мөн УИХ-аар Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэх гэж байна. Манайх аль болох эдийн засгаа нээлттэй болгох ёстой. Бусад улс орнуудтай харьцуулбал манай татвар харьцангуй бага. Жишээлбэл, Австрали улс гэхэд орлогын албан татварын 40 хувийг авдаг бол манайх 10-25 хувь байна.

-Цаашид ам.долларын ханш яах бол. Төгрөгийн чангаралт хэвээр хадгалагдах уу эсвэл сулрах болов уу?

-Монголбанкны албан ханшийг харахад өдөр бүр ам.долларын ханш буурч байна. Үүний учир нь ярианы эхэнд хэлсэнчлэн Засгийн газар нүүрсний хулгайтай эрчимтэй тэмцэж байгаа учраас экспортоор гарсан нүүрсний валютын орлого нь цэвэр эдийн засагт шингэж байна. Ам.долларын ханш өснө, өсөхгүй гэсэн мэдээллийг би хэлж чадахгүй. Учир нь Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан хүн ийм мэдээлэл хэлэх нь ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна.

-Монголын эдийн засгийн 50, 60 хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байна. Ийм үед хувийн хэвшил төртэй өрсөлдөхөд хэцүү байна. Манайх хэзээ чөлөөт эдийн засагтай болох вэ?

-Төрийн өмчит компаниудыг үе шаттайгаар тодорхой хэмжээгээр IPO хийж байна. Тухайлбал, Хөрөнгийн бирж, Төрийн банк IPO хийлээ. Миний хувийн бодлоор "Эрдэнэс Таван толгой" компани ч мөн IPO хийх ёстой. Ингэхдээ заавал Монголд бус Канадад хийх бүрэн бололцоотой гэж харж байна. Тэрхүү босгосон мөнгөөрөө төмөр зам, нүүрс угаах үйлдвэрээ барих боломжтой. Намайг JPMorgan-д ажиллаж байхад “Эрдэнэс Таван толгой” IPO хийх тендер зарлаж олон улсын банкуудыг урьж үнэлүүлсэн. Тэр үед миний ажиллаж байсан компани (JPMorgan) “Эрдэнэс Тавантолгой”-г 6-8 тэрбум ам.доллараар үнэлсэн.

“Эрдэнэс Таван толгой” 30 хувьдаа IPO хийлээ гэж бодъё. Тэгвэл 1.8-2.4 тэрбум ам.доллар босгох бололцоотой. "Эрдэнэс Таван толгой" энэ мөнгөөр төмөр замаа бүрэн дуусгах боломжтой байна. Нүүрс угаах үйлдвэр барих бололцоо байна. Магадгүй Таван толгой цахилгаан станц ч барих боломжтой болох нь. Тиймээс би "Эрдэнэс Таван толгой" компанийг IPO хийгээсэй гэж боддог. УИХ-ын чуулганы үеэр ч үүнийг хэлсэн.

IPO бол хувьчлал биш. Олон нийтийн хяналтад оруулж байгаа зүйл. Манайх хөрөнгийн биржээ аль болох хөгжүүлэх хэрэгтэй. Учир нь нийт санхүүгийн зах зээлийн 85 хувийг арилжааны банкууд дангаар эзэлж байна. Хамгийн зөв зах зээлийн эдийн засагтай улс орнуудын арилжааны банкуудын санхүүгийн зах зээлд эзэлж байгаа хувь нь 20-25 хувьтай байдаг. Бусад хувийг нь хөрөнгийн болон бондын бирж эзэлдэг.

Тиймээс манай улс хөрөнгийн биржид тодорхой хэмжээний реформ хийх шаардлагатай байгаа юм. Хөрөнгийн бирж бол хөрөнгө босгодог газар. Жишээлбэл, маш сайхан бизнесийн санаатай иргэн байлаа гэж бодъё. Тухайн иргэн тэрхүү бизнесийнхээ санааг үнэлж 20, 30 хувиа зарж, зарсан мөнгөөрөө бизнестээ хөрөнгө оруулалт хийж бизнесээ хөгжүүлж, өргөжүүлэх бололцоотой газрыг Хөрөнгийн бирж гэдэг. Хөрөнгө оруулагчид хувьцааг нь авч ирээдүйд өсөх өсөлтөөс хувьцааны ашгийн эсвэл ногдол ашиг авах асуудал яригддаг.

-Тэгэхээр төрийн өмчит компаниудыг хувьчлахаас илүү IPO хийх хэрэгтэй гэсэн үг үү?

-Ер нь хоёр арга хэмжээг авах хэрэгтэй. Ашиггүй байгаа төрийн өмчит компанийг татан буулгаад хувийн хэвшилд өгөх ёстой. Эсвэл нийлүүлэх ёстой. Хамгийн гол нь арилжааны төлөө болгож хөгжүүлэх ёстой. Ашгийн төлөө явах компаниа үр ашигтай удирдах гэх мэтчилэн. Хоёрдугаарт нь, IPO хийх ёстой. Ингэхдээ хоёрын хооронд 10 хувь зарахгүйгээр 51 хувиа худалдах хэрэгтэй. 51 хувийг нь худалдаж авсан хөрөнгө оруулагчид өөрсдөө ТУЗ-өө бүрдүүлж, ТУЗ-өөсөө гүйцэтгэх удирдлагаа томилж, гүйцэтгэх удирдлага нь хариуцлага хүлээж, компанийг үр ашигтай ажиллуулах нь зөв. Бусад зүйлүүдээр төр хувийн хэвшилтэй өрсөлдөөд байж болохгүй гэж боддог. Тэртээ тэргүй хувийн хэвшил үр дүнтэй хийж чаддаг зүйлийг төр булаацалдаад байх хэрэггүй. Харин тендер зарлаж мөнгийг нь өгөөд хувийн хэвшлээр хийлгэх нь зөв.

-Манай улсын нүүрсний экспорт буурсан, дэлхий нийтэд нүүрсний үнэ унаж байна гэх мэдээлэл гарах болсон. Ер нь нүүрсний зах зээлийн цаашдын төлөв байдлыг та хэрхэн харж байна. Хэр хумигдах бол?

-Кокосжсон нүүрсний хэрэглээ ойрын үед эрэлттэй хэвээр байна. Учир нь ган хайлуулах үйлдвэрүүд кокосжсон нүүрсийг л ашигладаг. Кокосжсон нүүрснээс өөр хямд түүхий эд байхгүй л дээ. Хоёрдугаарт, БНХАУ олон нийлүүлэгчтэй байх бодлого барьж байгаа байх. Тиймээс Монголоос, ОХУ-аас, Индонезоос, Австралиас ч нүүрс авч байна. Гэхдээ БНХАУ-ын эдийн засаг бүрэн нээлттэй болсон.

Тиймээс Хятад эдийн засгаа өсгөнө гэсэн таван жилийн төлөвлөгөөг тавьсан. Тэрхүү өсөлтийн дагуу барилга байшин баригдана. Машин үйлдвэрлэх гэдэг ч юм уу, үйлдвэржилт явагдана. Энэ бүхэнд зэс, төмөр хэрэгтэй. Төмрөө кокосжсон нүүрсээр л хайлуулна. Үүнээс гадна Оюу толгойн зэс Хятадад хэрэгтэй байгаа. Учир нь цахилгаан машин, орон байр зэрэгт зэс гол бүтээгдэхүүн байдаг л даа. Тодруулбал, хоёр өрөө орон сууцанд дунджаар 60 килограмм зэс ордог юм байна.

Энэ нь зөвхөн цахилгаанаар хангахад шаардлагатай зэсийн хэмжээ. Тэгвэл үүнээс гадна тухайн байранд хөргөгч, зурагт зэрэг цахилгаан бараанд бүгдэд нь зэс хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Хятад улсын статистикаар хөдөөнөөс хот руу жил бүр 20 сая хүн нүүж ордог гэсэн байна. Тэгэхээр жил бүр 20 сая орон сууц хэрэгтэй болдог гэсэн үг. Энэ хэрээр ган хэрэгтэй.

Тиймээс кокосжсон нүүрс, зэсний эрэлт буурахгүй байх. Мөн Хятадын нийт хүн амын 65 хувь нь хотод амьдардаг. Үлдсэн хэсэг нь хөдөө амьдардаг юм байна. Дэлхийн хөгжсөн орнуудын дундаж статистикийг харвал нийт хүн амынх нь 85 хувь нь хотод буюу байранд амьдардаг юм байна. Хятадын нийт хүн амын 20 хувь нь байранд орно гэсэн статистик бий. Хятадын нийт хүн амын 20 хувь нь гэхээр 280 сая орон сууц хэрэгтэй гэсэн үг байх нь. Тиймээс дунд хугацаандаа зэс, кокосжсон нүүрс, төмрийн хүдрийн эрэлт огцом буурахгүй гэж ойлгож болно.

ШИНЭ МЭДЭЭ