МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Ноён хутагтын өв өнгөрсөн, одоо, ирээдүй”  Олон Улсын эрдэм шинжилгээний VI дугаар хурал боллоо
2023.06.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Ноён хутагтын өв өнгөрсөн, одоо, ирээдүй” Олон Улсын эрдэм шинжилгээний VI дугаар хурал боллоо

Энэ жил Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг угтуулан “НОЁН ХУТАГТЫН ӨВ: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” сэдвийн дор 5 жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний VI дугаар хурлыг 2023 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо Чингис хаан музейн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Энэ эрдэм шинжилгээний хурал говийн ноён хутагт судлалд эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, хутагтын өвийн үнэ цэн, ач холбогдлыг тодруулах, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

Тус эрдэм шинжилгээний хуралд 40 эрдэмтэн, судлаач оролцож байгаагийн 5 нь гадаадын эрдэмтэн судлаачид бөгөөд энэхүү хурлаар Ноён хутагтын намтар, бүтээлд холбогдох судалгаа, гадаад дахь ноён хутагт судлал, өв хүн төрөлхтний соёлын өв, шашин, гүн ухааны судалгаа, урлаг, утга зохиол, соёлын судалгаа, түүхэнд холбогдох аман түүх, хууч яриа болон ночн хутагтын түүхэн дурсгалт газрууд гэсэн сэдвээр илтгэл тавигдлаа.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаа нь их соён гэгээрүүлэгч, оюун санааны хөтөч, яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач хүн байжээ. Тэрбээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон. Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичжээ.

Гадаадын эрдэмтэн судлаачид Данзанравжааг Монголын нийгмийн амьдралыг шинэчлэгч, урлаг соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хэмээн судалгааныхаа бүтээлд олонтаа дурьдаж, ийм богино наслахдаа амьдарсан хугацаандаа амжихааргүй их зүйлийг бүтээжээ хэмээн гайхан биширдэг билээ. 2006 онд ЮНЕСКО “Данзанравжаагийн жанч халсны 150 жил” гэж тэмдэглэх шийд гаргаж, шүлгүүдийг нь англи хэл дээр орчуулсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ