УИХ-ын чуулганы /2023.05.19/-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа нийт агуулга, хэлбэр, бичилт, томьёоллын хувьд цогц байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болгондоо өөр өөр байдлаар томьёолж, бичилт хийж болохгүй. Үндсэн хуулийн үг үсэг, өгүүлбэр, нэр томьёо бүр цаанаа гүн гүнзгий утга, агуулгыг илэрхийлж байдаг.
Тэгэхээр Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлт бүр дээр шинээр оруулж байгаа үг өгүүлбэр, нэр томьёог бид сайтар нягталж, судалж байж Үндсэн хуулийн нэр томьёог оновчтой тодорхойлох нь хамгаас чухал юм. Оруулж ирсэн төслөөр “Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна.
Улсын Их Хурлын далан зургаан гишүүнийг олныг төлөөлөх, тавин гишүүнийг хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” гэж өөрчлөн найруулсан байна. Тэгэхээр Үндсэн хуульд хоёр шинэ нэр томьёо орж ирж байна.
Нэгдүгээрт, олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах гэсэн шинэ нэр томьёо Үндсэн хуульд шинээр нэмэгдэж орж байна. Энэ нь мажоритар болон пропорциональ гэдгийг олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах гэсэн хоёр шинэ үгээр орлуулж байгаа юм байна.
Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоо, сонгуулийн арга гэсэн шинэ нэр томьёог энэ өгүүлбэр дотор оруулсан байна. Тэгэхээр Үндсэн хуульд бичигдсэн үг, өгүүлбэрүүд бол Үндсэн хуульд тусгагдаад явахаараа цаашдаа тогтсон хэллэг болоод явна. Тэгэхээр энэ хоёр үгийг оновчтой томьёолох зайлшгүй шаардлага байна. Үндсэн хуульд бичиж байгаа учраас зөв томьёолж бичихгүй бол цаашдаа асуудал үүснэ. Хуулийн төслийг уншаад үзэхээр нэг зүйл дотор хоорондоо зөрчилдсөн хоёр өгүүлбэр, нэр томьёо байна. Нэгдүгээрт, “...олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоогоор явуулна гэж биччихээд дараагийн өгүүлбэр дээр нь ... хувь тэнцүүлэн хуваарилах сонгуулийн аргын үндсэн дээр сонгоно” гээд бичсэн байна. Ингэж нэг өгүүлбэр дотор хоёр өөрөөр бичигдэж болохгүй. Тэгэхээр тогтолцоо эсвэл арга л гэж бичигдсэн байх ёстой. Анх өргөн барьсан төсөл дээр арга гээд бичигдсэн байсан. Одоо тогтолцоо болсон байна. Тогтолцоо гэдэг үгийг нэр томьёоны хувьд яаж ойлгох вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна. Тогтолцоо гэдэг нь аль ч агуулгаараа систем гэсэн үгтэй дүйцэж ойлгогдох үг. Өөрөөр хэлбэл олныг төлөөлөх буюу мажоритар, хувь тэнцүүлэх буюу пропорциональ гэдэг ойлголт нь сонгуулийн тогтолцооны хэлбэрүүд юм. Энэ бол сонгуулийн хэлбэр болохоос биш сонгуулийн арга бол биш юм. Тийм учраас “...олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн хуваарилах хэлбэрээр явуулна” гэж бичих нь зөв байх. Нэг зүйл дотор сонгуулийн тогтолцоо, сонгуулийн арга гээд бичсэн нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй, оновчгүй томьёологдсон учраас энэ хоёр үгийн томьёоллыг нэр мөр болгох шаардлагатай байна.
Дараагийн нэг асуудал бол Үндсэн хуулийн үг өгүүлбэр болгон гүн гүнзгий агуулгатайгаас гадна, маш товчхон, ойлгомжтой байдлаар томьёологдсон байдаг. Та бүхэн Үндсэн хуулиа харах юм бол маш богино өгүүлбэрээр ойлгомжтой, оновчтой томьёологдсон байдаг.
Энд бичигдсэнээс харахаар 3-4 өгүүлбэр нэг зүйл дотор бичигдсэн байна. Энэ бол хууль зүйн техникийн хувьд болон бичилтийн хувьд хэт нуршуу байгааг анхаарах хэрэгтэй байна.