2023.05.15
Хууль, эрх зүй
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж байна
Хөвсгөл аймгийн Рашаант сумын иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслийг танилцуулж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр ЗДТГ-ын байрыг шинээр барих, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг төрөөс анхаарах, цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, тэтгэвэр өвлөгддөг болох, ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, Өлзийт-Хайрханы замыг холбох зэрэг саналуудыг иргэд тавьж байлаа.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, сонгогчид идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоог 1992 оны Үндсэн хууль батлагдах үед яригдаж байсан 102 гишүүнтэй байх, тогтолцоондоо биш хүндээ байгаа тул 76 гишүүнийг хэвээр нь байлгах зэрэг саналуудыг хэлэв. Харин сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа бөгөөд намын жагсаалтыг гаргахдаа салбар салбарын төлөөллийг багтаасан нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлдэг байх талаар зарим иргэд саналаа илэрхийлж байсан юм.
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД АЖИЛЛАЛАА
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, саналыг нь сонслоо. Уулзалтын үеэр Тосонцэнгэл сумын иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх, хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин дутмаг байгаа тул төрийн бодлогоор дэмжих, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт нэмэгдэж байгаа тул эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх боломжийг бүрдүүлэх, малчдыг дэмжихэд төрөөс анхаарах, 2003 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмад багш нарт 36 сарын тэтгэмжийг нөхөн олгуулах зэрэг асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн тооны боломжит хувилбарыг 99 байх, нутаг дэвсгэрийн төлөөллийг гаргадаг учраас можаритор систем заавал байх, холимог тогтолцооны харьцааг 70/30 эсвэл 60/40 байхаар өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, чуулганы хуралдааныг 80-аас дээш хувийн ирцтэйгээр хуралдуулдаг болох зэрэг саналыг илэрхийлэв.
ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД “МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ