МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцов
2023.04.01
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх талаар санал солилцов

Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх, Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос холбогдох уулзалтуудыг хийж байгаа.

Гуравдугаар сарын 29-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Иргэдэд шууд хүрдэг нийгмийн үйлчилгээний дийлэнх нь тус яамны үйл ажиллагаатай холбоотой бөгөөд цахим шилжилтийн бодлого нь үр дүнтэй, оновчтой байх ёстой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам салбарын хэмжээнд 160 үйлчилгээнээс 110-ыг цахим болгож, “E-Mongolia”-д 18 үйлчилгээг холбосон байна. Уулзалтын үеэр “ehalamj”, “ejob”, “ezuvshuurul”, “etuslamj” зэрэг салбарын гол системүүдтэй танилцсан бөгөөд эдгээрээс хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын үйлчилгээг үзүүлж, төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчдыг нэгтгэсэн “ejob” платформыг олон нийтэд сурталчлах ажлыг илүү сайн зохион байгуулж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав.

Хүүхдийн мөнгөний олголттой холбоотойгоор үүссэн мэдээллийн зөрүүтэй байдал цэгцэрч, өнөөдрийн байдлаар 993725 өрхийн 1.1 сая хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгож байна. Иргэд “e-mongolia”, “e-halamj” системээр мэдээллээ нягталж өргөдөл гаргах боломжтой бөгөөд цаашид байгууллага хоорондын мэдээллийн интеграцийг илүү сайжруулахад байнгын хорооноос онцгой анхаарч ажиллаж байна.

Төрийн байгууллага төдийгүй салбарын хэмжээнд тулгамдаад байгаа мэдээллийн технологийн чиглэлийн хүний нөөцийн асуудлыг тэд мөн ярьж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гол үүрэгтэй ажиллах ёстой. Тиймээс ажлын байрны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлж, мэргэжил сонголтын чиг баримжааг тодорхойлоход бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудтай танилцаж, санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ