E mongolia платформ дээр оюутнуудад зорилсан "E Student" цонх ажиллуулна
2023.03.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

E mongolia платформ дээр оюутнуудад зорилсан "E Student" цонх ажиллуулна

Монгол Улсын Ерөнхий сайд дотоодын их дээд сургуульд суралцаж байгаа 150 орчим мянган оюутны төлөөлөлтэй өнгөрсөн 7 хоногт уулзсан.

Уулзалтын өмнө оюутнууд өөрсдийн өмнө тулгамддаг 10 асуудлыг эрэмбэлж засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн юм. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Оюутны талаар авах арга хэмжээний тухай” тогтоол баталлаа.

Оюутнуудын өмнө тулгамддаг асуудал ба шийдэл:

  1. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагч оюутныг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах арга хэмжээг 2023 онд багтаан зохион байгуулахаар боллоо.
  2. Төрийн өмчийн 6 их сургуулийн эрүүл мэндийн төвийг өргөжүүлж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана.
  3. Цэргийн сургуулиас бусад “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах их, дээд сургууль, коллежийн оюутны тоог 1500-д хүргэнэ.
  4. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг “И-Монголиа” системийг ашиглан олгох, цэнэглэх, ашиглах боломж бүрдүүлнэ.
  5. И-Монголиа системд оюутны хэсэг үүсгэж, блокчэйн технологид суурилсан боловсролын бичиг баримт, дипломыг бүртгэх, баталгаажуулалт хийх, дүн болон суралцах үйл ажиллагаатай холбоотой тодорхойлолт авах, оюутны зээл, тэтгэлэгийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох, номын сан, соёлын үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх боломжийг бий болгоно.
  6. Оюутны болон төгсөгчийн хөдөлмөр эрхлэлтийг нийгмийн даатгалын систем, иргэний бүртгэлийн системд суурилан мөшгөх судалгаа хийх, сургууль мэргэжлээр хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн эрэлт хэрэгцээг тодорхойлж, олон нийтэд мэдээлэл авах боломжоор хангах үйл ажиллагааг И-Монголиа системтэй холбон хөгжүүлнэ.
  7. “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг 2023 оны II улиралд багтаан шинэчилж, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээрх үйл ажиллагааг их, дээд сургуулийн оюутны холбоодтой хамтран Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем И-жоб /Ejob/-оор дамжуулан түгээн дэлгэрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
  8. Оюутан залуусын сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын номын сан болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг номын сангуудыг оюутны шалгалтын үеэр 24 цагаар ажиллуулах боломж, нөхцөлийг судлан шийдвэрлэнэ.

ШИНЭ МЭДЭЭ