МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэсийн сангийн асуудал төрийн нууцаас хасагдсан
2023.03.28
Эдийн засаг, Худалдаа

Эрдэнэсийн сангийн асуудал төрийн нууцаас хасагдсан

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.03.28) хуралдаан 11 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Монголбанкнаас 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.Монголбанкнаас төслийг “маш нууц” тэмдэгтэй ирүүлсэн боловч 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу эрдэнэсийн сангийн асуудал төрийн нууцаас хасагдсан болохыг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулаад, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр ил болгохоор заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг нээлттэй хэлэлцэв. Төслийн талаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван танилцууллаа.

Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 878 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Төв банкны Дэд ерөнхийлөгч тус сангийн 2022 оны төсвийн гүйцэтгэл болон үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн төслийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ