МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин: Газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх цаг үе ирээд байна
2023.03.24
Улстөр

Т.Энхтүвшин: Газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх цаг үе ирээд байна

УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт цар тахлын нөхцөл байдлаас болж нэлээд удааширсан. Одоо төслийн ажил хэр урагшилж байна вэ?

-Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байгаа үндэсний хэмжээний томоохон төсөл нь Газрын тос боловсруулах үйлдвэр. Таны хэлсэнчлэн ковидын байдал сөргөөр нөлөөлсөн. Хэдий тийм боловч төсөл хэрэгжүүлэгчид бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Ажил бол маш эрчтэй төслийн талбарт өрнөж байна.

Нэг дэх шатны ажил нь дуусах шатанд шилжсэн. Онцгой, Эмнэлэг, Захиргаа, Засварын цех, Сургалтын төв, Ажилчдад зориулсан нийгмийн бүтээн байгуулалтын ажил хүлээж авахад тун ойртож байна. Үндсэндээ зарим нь бэлэн болж байгаа гэсэн мэдээллийг төсөл хэрэгжүүлэгчид эхнээсээ өгч байгаа. Оны эхний хагас жилд цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг холбогдох эхний шатны ажлууд бүрэн дуусах юм байна гэсэн хүлээлттэй байна.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн үе шаттай. Эхний хэсэг газар шорооны ажлаас эхлээд барилга байгууламж, эрчим хүч, усан хангамж гээд үйлдвэрийн үндсэн суурь дэд бүтэц байсан, төслийн эхний даваа гэж хэлж болно. Эхний даваагаа манайхан давж гарч байна. Усаа татлаа, төмөр зам болон авто замаа тавилаа, цахилгаанаа татчихсан. 30 мянган метр куб багтаамжтай ус хуримтлуулах нөөцийн саваа хийчихсэн байна.

-Хоёр дахь шатны ажил ирэх зунаас эхлэх нь гэж ойлголоо.

-Тийм ээ. Үйлдвэрийн нарийн бүтээн байгуулалт эндээс эхэлнэ. Үндсэн технологийн болон дагалдах маш олон төрлийн байгууламж энэ хэсэгт тусгагдсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт улам идэвхжиж, төсөл хэрэгжүүлэгчид оны эцэс гэхэд чамгүй их ажил нугалсан байхаар харагдаж байгаа. Ачаа тээврийн саатал, хил гаалийн хаалттай байдал, хатуу хөл хорио, үнийн өсөлт, валютын ханшийн нөлөө гээд маш их хүндрэл, бэрхшээл, сорилт дундуур энэ төсөл хэрэгжиж байгаа. Монгол Улсын үндэсний эрх ашигтай хамаатай, аж үйлдвэрийн дараа дараагийн төслүүд энэхүү төслөөс шалтгаалах учраас бүхий л түвшинд анхаарч, ач холбогдол өгөхөөс бид аргагүй.

-Үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэх цагт хүний нөөц, түүхий эд хамт яригдана. Энэ хоёрыг бид одооноос л бэлтгэх, эрэх хайх шаардлагатай байх. Газрын тосны үйлдвэрийг тасралтгүй түүхий эдээр хангах судалгаа, шинжилгээний ажил аль шатанд явж байна вэ?

-Хүний нөөц төсөл хэрэгжсэн цагаас хамт бэлтгэгдэж байгаа. Нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан бэлтгэх, сургах, мэргэжил дээшлүүлэх хэрэгцээ, шаардлага гарч ирнэ. Үүнтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэгчид, Засгийн газар хүний нөөц бэлтгэхэд одооноос анхаарч эхэлсэн. Үйлдвэр ажиллагаанд ороход 500 гаруй шинэ ажлын байр бий болохоор байгаа. Түүхий эд буюу газрын тосны хайгуул, судалгаа, эрлийн ажлаа эрчимжүүлэхгүй бол нэг л мэдэхэд үйлдвэр ашиглалтад орно.

Геологи, хайгуулын ажил хойно бус урд нь явах ёстой. Тиймээс газрын тосны хайгуулыг цаг алдахгүй эхлүүлж, энэ талаар онцгой анхаарах шаардлагатай. Үйлдвэр бүтээн байгуулалт дууссан л бол үр ашгаа өгч эхлэх ёстой. Сул зогсох эрхгүй. Тиймээс хайгуул руу хөрөнгө зарах, гадны хөрөнгө оруулалт татах нь Засгийн газрын бодлого төдийгүй “гэрийн даалгавар”.

Боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход боломжит эдийн засгийн үр ашигтай нөөцөө тогтоочихсон, хаана хэчнээн сая тонн түүхий нефть байгаагаа бид мэдчихсэн байх ёстой. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлтэй хайгуулын хэд, хэдэн талбай зарлагдсан байна лээ. Хайгуул бол хөрөнгө оруулалт татах, юу байгаагаа олж мэдэх, таних боломж. Тиймээс тал талын ашигтай. Зөвхөн газрын тос гэлтгүй бид өөр ямар эрдэс түүхий эд байгаагаа үүгээр олж мэднэ гэсэн үг. Хайгуулаа хийж, дорвитой нөөц илрүүлж чадахгүй бол үйлдвэрийн “хувь заяа” бас л хүнд. Гаднын, дотнын гэж ялгах бус нефтийн хайгуулд нээлттэй бодлого баримтлах, түүнийгээ хөрөнгө оруулагчдад зарлах цаг үе.

Одоо эрчимжүүлж чадвал дотоодынхоо хэрэгцээг бага зардлаар, эдийн засгийн үр ашигтай хангах боломжтой. Үйлдвэрийн өртөг зардлыг бага байлгах, түүхий эдийн чанар хүртэл сайн байх эсэхээс өнөөдрийн хэрэгжиж буй төслийн өрсөлдөх чадвар, үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Ер нь сүүлийн жилүүдэд нефть гэлтгүй уул уурхайн бүхий л түүхий эд, эрдсийн хайгуул саарсан, хөрөнгө оруулалт зогссон. Энэ чиглэлийн компаниуд ажилгүй болсон. Газрын тосны хайгуул нь том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх үүд хаалга болно. УУХҮЯ хайгуулд анхаарах юм байна, алхам хийх юм байна гэсэн хүлээлттэй байгаа.

Орон нутаг бол газрын тосны хайгуулыг дэмжинэ. Үүнийгээ ч тойрогт ажиллах явцад хэлж, илэрхийлж байсан. Иргэд улс орны ирээдүйд хэрэгтэй, чухал гэсэн зүйлээ зөв мэдээлээр авч чадсан бол өөрсдөө түүнийгээ хамгаалж чаддаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье, эдийн засгаа сайжруулъя  гэвэл ерөөсөө л хайгуулын ажлаа тодорхой зарлаад, үүнд түлхүү чиглэх юм билээ. Хайгуул доллар авчирдаг. Манай төв банкны валютын нөөц ч тодорхой хувиар нэмэгдэнэ. Татварын орлого өснө. Ажлын байр олноор бий болно. Дагаад бусад туслан гүйцэтгэх, ханган нийлүүлэгчдэд зах зээл бий болно. Үйлчилгээний салбар ч тэр нөлөө нь гарна. Газрын тосны хайгуул, олборлолтын ажил их хугацаа шаардсан нүсэр. Тиймээс бид эрт эхлэх тусмаа л илүү боломж хожно. Зардал хэмнэнэ.

-Үйлдвэржих, ядаж л өөрсдийн хэмжээнд нэмүү өртөг шингээх, дотооддоо боловсруулах, угаах, баяжуулах, ээрэх, нэхэх гээд бидний хувьд хийж чадах боломжтой шат, дамжлага байгаа. Үүнд чиглэсэн ямар бодлого, хууль эрх зүйн орчин үгүйлэгдэж байна вэ?

-Эрдэс баялгийн салбарын бодлого олборлолтоос боловсруулалтад чиглэж байна. Гол санаа нь улс дотроо нүүрсээ, зэсийн баяжмал, төмрийн хүдрээ боловсруулж, угааж, хайлуулах замаар дараагийн түвшинд авчрах. Ингэснээр тогтвортой ажлын байр, ахиу орлого, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар нэмнэ гэж зорьж байна. Өртөг зардал ч буурна. Дотоодын арматурын хэрэгцээг өөрсдөө бүрэн хангадаг байх жишээтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь бид зарж л мөнгө олж байна.

Түүнийгээ боловсруулж л бид хүнд үйлдвэрийн хөгжил ярих хэмжээнд очно. Гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслүүд төрийн өмчит болон хувийн хэвшлийн санал санаачилга, хөрөнгө оруулалтаар судалгаа, шинжилгээ нь хийгдээд бага багаар урагшилж байна. Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан сэргэлтийн нэг нь Аж үйлдвэржилт. Тэгэхээр төслүүд ямар ч байсан төр засгийн дэмжлэг, цаг үеийн хэрэгцээ шаардлагаа дагаад бодитой үр дүнд хүрэх боломжтой. Зах зээл ч ийм босго тавьж байна. Хууль эрх зүйн орчны хувьд гэвэл Хүнд үйлдвэрийн тухай хууль манай улсад байхгүй. Гол хууль нь алга.

Эхний ээлжинд Хүнд үйлдвэрийн хуультай болох, хуульд бодлогын дэмжлэг, төрийн оролцоо, татварын орчин, зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Хууль гарч байж л бодлого хэрэгжих, зөв хэрэгжих эхлэл тавигдана. Олон үйлдвэрийн уялдаа холбоо хангагдаж, гаргаж байгаа бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалах, өрсөлдөөний орчныг эрүүл байлгах, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө хөгжүүлэх гээд олон зүйл энэ хуулийн дараа их тодорхой болж ирнэ. Замын зурагтай болно гэсэн үг. Яаж, хэрхэн үйлдвэржих юм бэ. Хүнд үйлдвэрийн тухай хуультай болсноор бид бодлого их ойлгомжтой, итгэл үнэмшилтэй болж ирнэ.

Монгол Улсын байр суурь ч эндээс харагдана. Ноос, ноолуур, мах, гурил гээд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт мөн л эрх зүйн харилцаа, зохицуулалт учир дутагдалтай. Хүнд, хөнгөн үйлдвэрийн тухай хууль өнөөдөр хамгийн чухал болчиход байна. Үйлдвэрийн хуульгүй улсад хэн итгэж хүнд, хөнгөн үйлдвэр хөгжүүлэх юм бэ, ямар үндэслэлээр хөрөнгө оруулалт татах уу гээд асуулт гарна.

-Жижиг, дунд үйлдвэрийн хууль байдаг мөртлөө Хүнд, хөнгөн үйлдвэрийн хууль өнөөдрийг хүртэл байгаагүй гэхээр бид ерөөсөө л аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдээ боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох сонирхол байхгүй, зөвхөн ярихаас хэтэрдэггүй, үйлдэл болгодоггүй байж дээ гэсэн дүгнэлт рүү авчирч байна.

-Цаг үе нь ч одоо шаардаад, нэхээд эхэлж байна. Төслүүд, том уурхай, үйлдвэрийн газрууд өөрсдөө баяжуулах, боловсруулах сонирхол нь нэмэгдсэн. Тэгж байж л тухайн үйлдвэр, уурхайн насжилт уртсаж, үйл ажиллагаа нь хэвийн, цаашид тогтвортой байхаар байна. Үүнийг эхнээсээ ойлгоод, хөрөнгө мөнгө хуваарилах, хүнээ ч сургахад анхаарч байгаа ололт, дэвшил цөөнгүй. Хууль гарахад оройтоогүй. Хөдөө аж ахуйн гаралтай болон уул уурхайн эрдэс баялаг, түүхий эдээ зүгээр л ямар ч боловсруулалт байхгүй гаргана гэдэг буруу гэдгийг иргэд өөрсдөө хэлж, сануулж, санаа нь зовж байна. Ковидын цаг үе ч бидэнд яагаад боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн чухал гэдгийг бас ойлгуулж өгсөн. Барилгын материалын үндсэн түүхий эдүүд нь дотоодод байна. Өөрсдөө хийж чадвал өнөөдрийн орон сууцны өртөг зардал буурна. Үнэ илүү хямд байх ч боломж бий.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ