МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Хөрсөө цэвэрлэхгүй л бол “Авлига” багасахгүй
2023.03.24
Хууль, эрх зүй

Х.Ганхуяг: Хөрсөө цэвэрлэхгүй л бол “Авлига” багасахгүй

УИХ-ын /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн.

Их Хурлын 2021 оны 56 дугаар тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө"-г 6 бүлэг, 23 зорилт бүхий 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Уг төлөвлөгөөний нийт гүйцэтгэл, үр дүнгийн дундаж үнэлгээ 67.5 хувьтай гарсан гэж дүгнэжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Энэ жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Зөвхөн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар авлигын асуудлыг шийдэгдэхгүй. Асуудал нь төрийн өмчит компаниуд, тусгай зориулалттай сангууд, өрсөлдөөнийг боомилсон хуулиудад байдаг. асуудал үүсэхээр нүүрийг нь л сольдог, атал дотор зүйлээрээ үргэлжилдэг. Нэг хэсэг концесс гэж их ярьсан. Одоо “Төр хувийн хэвшлийн түншлэл” болгоод хуулийг нь сольчихсон. Төр өөрөө асар их хэмжээний өмчтэй, дээрээс нь төрийн оролцоо их байгаа учраас дагаж авлига үүсдэг.

Хөрсөө цэвэрлэхгүй бол авлигал багасахгүй.

Үүнийг дагаад хууль хяналт, төрийн байгууллагууд нь томорч бүтцээрээ данхайдаг. Хяналтаа сайжруулж байгаа нэртэй төсөв нь ихсээд томроод явдаг. Байнгын хулгайч хайсан байдалтай болчихлоо” хэмээсэн юм .

Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хөдөө аж ахуйн санг “корпорац” төрийн өмчит компани болгохоор уг хуульд тусгасан юм.

Тэгвэл энэ талаар тэрээр “Засгийн газрын 13 сан бий. Экспортыг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үйлдвэрлэл явуулж чадах сангаас бусад санг багасгах бодлого бий юу.  Хэрэгжилтийн тайлан сонсохоор энэ сангуудын тайлан орж ирдэггүй. Үүнийг сонсох шаардлагатай. Хяналтад ард иргэдийн оролцоог хангаж өгөх хэрэгтэй” гэв.

 

ШИНЭ МЭДЭЭ