Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв
2023.03.22
Хууль, эрх зүй

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2023,03,21/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2022 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, харьяалах Байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхийг дэмжсэн. Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс хууль тогтоол санаачлах эрхийн хүрээ хязгаартай холбоотой зохицуулалт Монгол Улсын Их Хурлын тухай хуультай нийцэж байх саналыг гаргаснаар төсөл санаачлагч төслөө татан авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн саналын дагуу төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлсэн хэмээн Х.Нямбаатар сайд танилцуулав. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтийг тусгажээ. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газраас санаачлах хуулийн төслийг тусган, төлөвлөдөг бөгөөд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачлах хуулийн төсөлд хамаардаггүй тул уг үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулдах нь байх зүйтэй хэмээн үзсэн байна.

Олон улсын туршлагаас үзээд хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгажээ. Дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулахаар тусгасан байна. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болно хэмээн үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил боловч өөр бичилттэй тухайн нэр томьёог дагаж өөрчлөх шаардлагатай тохиолдолд холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг талаар Х.Нямбаатар сайд танилцуулаад, Улсын Их Хурлаас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан “тусгай зөвшөөрөл” гэсэн нэр томьёог “зөвшөөрөл” гэсэн агуулгаар өөрчлөхтэй холбоотой 70 гаруй хуульд өөрчлөлт оруулсан баримтыг дурдав. Иймд хууль тогтвортой байх үүднээс хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан нэр томьёог ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгаж болох зохицуулалтыг тусгасан гэлээ.

Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж санал авах тухай зохицуулалтыг төсөлд тусгажээ. Ингэснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн худалдаа, хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг англи хэлээр хэвлэн нийтлэхээр заасан зохицуулалтын хэрэгжилтийг хангахын зэрэгцээ хуулийн албан бус орчуулгыг хийх нь бүхэлдээ судалгаа, шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа. Хуулийн тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хурлаас баталсан хуулиудын англи хэлний албан бус орчуулгыг холбогдох байгууллагууд уг хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хариуцан гүйцэтгүүлэхээр холбогдох төслийг мөн боловсруулсан байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаар батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгаа хийх шаардлагагүй тул холбогдох өөрчлөлтийг мөн хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл нь бүхэлдээ хууль тогтоомжийн төсөл боловсруулахад иргэд, хөрөнгө оруулагч нарын оролцоог хангах, санал авах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, тэднийг мэдээллээр хангахад зорилготой гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.

Төсөл санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан юм. Ц.Мөнх-Оргил гишүүн, Монгол хэлний зөвлөлийн дэргэд Хууль зүйн нэр томьёоны салбар зөвлөл байгуулах, мөн хууль тогтоомжийн орчуулгыг хариуцан гүйцэтгэх мэргэжлийн бүтцийг Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам дундаа байгуулж, ажиллуулах нь үр дүнтэй, оновчтой байх саналыг хэлж байв. Төсөл дэх Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан бол Б.Энхбаяр гишүүн Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулдаг байх зохицуулалтын үндэслэлийн талаар тайлбар авав.

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ