МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Энхболд: Хөгжлийн төлөвлөгөө залгамж чанараа хадгалж, үргэлжилж байх ёстой
2023.03.22
Эдийн засаг, Худалдаа

Н.Энхболд: Хөгжлийн төлөвлөгөө залгамж чанараа хадгалж, үргэлжилж байх ёстой

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод /2023.03.21/ хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад, 2022 оны явцын дундаж үнэлгээ 74.2 хувьтай гарсан хэмээн танилцууллаа. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2022 оны явцын дундаж үнэлгээ 45.7 хувьтай байна гэлээ.

Тус хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс орны хөгжлийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлийн талаар томоохон шинэчлэл хийсэн. Тиймээс хөгжлийн төлөвлөгөө залгамж чанараа хадгалж, үргэлжилж байх ёстой. Энэхүү үндсэн дээр УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийг батлан хэрэгжүүлж байгаа. Засгийн газарт Хяналт, шалгалтын тусгай нэгж байгуулан ажиллаж байна. Бид цаашид тайлан, төлөвлөгөөний биелэлтийг сонсох биш арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлэх ёстой гэв.

ШИНЭ МЭДЭЭ