МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэхэд ямар аргачлал ашигласан бэ
2023.03.22
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэхэд ямар аргачлал ашигласан бэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод /2023.03.21/ хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад, 2022 оны явцын дундаж үнэлгээ 74.2 хувьтай гарсан хэмээн танилцууллаа. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2022 оны явцын дундаж үнэлгээ 45.7 хувьтай байна гэлээ.

Сайдын танилцуулснаар Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 6 бодлого, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2022 оны байдлаар 69.8 хувийн /өссөн дүнгээр 39.3 хувь/ хэрэгжилттэй гарчээ. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд 6 бодлогын хүрээнд 23 зорилт дэвшүүлж, 300 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2022 оны жилийн эцсийн байдлаар дунджаар 67.5 хувьтай байгаа аж.

Цар тахал, дайн, дэлхийн улс орнуудад тулгамдаж буй инфляц зэрэг хүндрэлүүд учирч байсан хэдий ч 2022 оны нэгдүгээр улиралд -3.8 хувьд хүрч унаад байсан эдийн засаг 2022 оны эцэст 4.8 хувьд хүрч өссөн байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг эргэн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагаст 8.1 сая тонн буюу өмнөх оноос 12.7 хувиар агшаад байсан нүүрсний экспорт 2022 оны эцэст 31.6 сая тоннд хүрч 2021 оноос даруй хоёр дахин өссөн байна. Зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн. Ингэснээр АМНАТ-ийн орлого 2.7 их наяд төгрөг, уул уурхайн орлого 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 750.0 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Засгийн газраас 2022 оны аравдугаар сард “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоол гаргаж хэрэгжүүлсэн нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж улмаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон “Оюу толгой” ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж, 2022 оны эцэст валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрээд байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох баримт бичгийг дүгнэхэд ямар аргачлал ашигласан талаар асуусан юм.

Ер нь цаашид жилийн төлөвлөгөөг сайн судлаж гаргах шаардлагатай юм. Эдийн засгийн хөгжлийн яам энэ жилийн төлөвлөгөөг сайн гаргахаар ажиллаж байна. Цаашид бид хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд таван ч яаманд арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ