Цахим гадаад паспорттой иргэд 06-дугаар сарын 01-нээс хилээр дараалалгүй нэвтэрч эхэлнэ
2023.03.15
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Цахим гадаад паспорттой иргэд 06-дугаар сарын 01-нээс хилээр дараалалгүй нэвтэрч эхэлнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд шат дараатай олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа билээ.

Үүний нэг нь үндэсний энгийн цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэхээр 2023 оны 03-дугаар сарын 01-нээс захиалгаа эхэлсэн. Тэгвэл өнөөдөр албан ёсны нээлт болж шинэчлэгдсэн үндэсний энгийн цахим гадаад паспортоо захиалсан иргэдэд паспортыг нь гардуулан өглөө.

Манай улс “ИКАО” буюу Олон улсын  иргэний нисэхийн байгууллагын нийтийн түлхүүрийн санд 2021 оны арвханхоёрдугаар сард элсэн орсон. Ингэснээр “ИКАО”-н гишүүн орнуудын дунд ашигладаг нийтийн мэдээллийн санд нэгдэж, цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдсэн юм.

Цахим гадаад паспорттой иргэдийн мэдээлэл нийтийн түлхүүрийн санд байршдаг.

Энэ нь олон улсын хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг газруудад үүсдэг дарааллыг багасгах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хугацааг хууль бусаар сунгах асуудлыг зогсоож, тухайн иргэний танилтыг дээд түвшний нарийвчлалтай болгож, паспорт олгосон газрыг хөдлөшгүйгээр баталгаажуулах, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгож байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 06-дугаар сарын 01-нээс Монгол улсын агаарын тээврийн хамгийн том боомт болох “Чингис хаан” нисэх онгоцны буудалд “E-Gate нэвтэрч эхэлнэ. Ингэснээр иргэд гадаад руу зорчих болон эх орондоо ирэхдээ өнөөдөр олгогдож буй цахим гадаад паспортоороо хүний оролцоогүйгээр хилээр нэвтэрнэ. Монгол Улсын Засгийн газраас цахим гадаад паспортын загварыг баталсан. Гадаад паспортын хуудасны тоо өмнө нь 32 байсан бол үндэсний энгийн цахим гадаад паспорт 48 хуудастай болж нэмэгдсэн. Хуудсууд нь “Улаан ном”-д орсон ховор ан амьтны болон төрийн тахилгат уул зэрэг Монгол улсын түүх соёлыг сурталчлах бүхий зурагтай. ИКАО-аас тавьдаг нууцлалын бүх шаардлагыг хангасан тул зураг, нэр солих, хуурамчаар үйлдэх ямар ч боломжгүй.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Иргэд энгийн гадаад паспорт болон чиптэй цахим гадаад паспортоос өөрсдийн сайн дурын хүсэлтээр аль нэгийг сонгож хэрэглэх боломжтой. Чиптэй цахим гадаад паспорт нь тухайн иргэний мэдээллийг өндөр түвшинд хадгалж гадаад улс, эсвэл өөрийн улсын хилээр саадгүй, хурдан шуурхай зорчих гол үндэс нь болж байгаа юм. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас (ИКАО) иргэдийн зорчих хөдөлгөөн буюу гадаад паспорт дээр ямар стандарттай байхыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Бид 2020 оноос хойш бэлтгэл ажлыг сайн хангасны үндсэнд цахим гадаад паспорт бичиг баримтын захиалгыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэллээ

Цахим гадаад паспортоо захиалж гар дээрээ авсан иргэний сэтгэгдлийг бид сонслоо.

Батчулууны Билэгсайхан: Анхны цахим гадаад паспортыг эзэмшигчдийн нэг боллоо. Үнэхээр их баяртай байна. Гадаад паспортоо харахад гоё болжээ. Хуудас болгон дээрээ зурагтай болсон байна.

Цахим паспортыг Австрали, Канад, АНУ, Шенгений орнууд, Япон, БНСУ, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк зэрэг орнууд ашиглаж байна.

ШИНЭ МЭДЭЭ