МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Агаарын тээврийн шатахуун хангамжийг зах зээлийн үнээр, тасралтгүй хангах эрх зүйн орчин бүрдлээ
2023.03.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Агаарын тээврийн шатахуун хангамжийг зах зээлийн үнээр, тасралтгүй хангах эрх зүйн орчин бүрдлээ

Улс орны аюулгүй байдал болон стратегийн нөхцөлд газрын тосны бүтээгдэхүүний нөлөө асар их байдаг. Тэгвэл Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганаар “Газрын тосны бүтээгдэхүүний” тухай хуульд өөрчлөлт орууллаа.

Агаарын хөлгийн түлшийг “Иргэний агаарын тээвэр”-т ашиглахаас гадна улс орны аюулгүй байдал, стратегийн ач холбогдол бүхий цэргийн зориулалттай техник хэрэгсэл болох онгоц, төрөл бүрийн алсын болон ойрын зайн тусгалттай пуужингийн хөдөлгүүрийн түлш хэлбэрээр ашигладаг.

Тодруулбал газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс орнууд нь тухайн улсын төрийн өмчит үйлдвэрийн газруудаар дамжуулан бүтээгдэхүүнээ хангадаг. Харин импортлогч орнууд өөрийн улсын тусгайлсан төрийн өмчит аж ахуй нэгжээр дамжуулан Засгийн газраас баталгаа гаргасны үндсэн дээр импортоор авч хэрэглэдэг.

Иймээс Монгол улс агаарын хөлгийн түлшийг Засгийн газраас эрх олгосон төрийн өмчит компаниар дамжуулж экспортлогч орны эрх бүхий нийлүүлэгчтэй хамтарсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуульд нэмэлт оруулаад байна.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, “Чингис хаан” шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагааг эрхлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.

Гэвч Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэж заасан.

Уг заалт  “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан учраас хуульд ийн нэмэлт оруулав.

Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн байдал тогтвортой болж, олон улсын болон үндэсний стандартад нийцсэн онгоцны түлшийг олон улсын зах зээлийн үнээр шууд нийлүүлэх найдвартай боломж бүрдэж манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч байгаа агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй түлшээр хангах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн зүгээс бензин шатахуун, онгоцны тийзний үнэ буурах уу гэдгийг лавлаж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хамааралтай байдлаа хуульчлах нь буруу. Агаарын тээврээ хөгжүүлэх шаардлагатай. Агаарын түлшний асуудал агаарын тээврээ хөгжүүлэхэд саад болдоггүй, урагшлуулах, үнэтэй байгааг нь бууруулахад тус болох ёстой гэж үзсэн.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг анх гэрээ, хэлэлцээр байгуулахдаа хямдхан хийчихээд дараа нь үнээ өсгөх асуудал гарах вий. Бусад улс орноос түлшний хангамжаа сайжруулах асуудал дээр анхаарах хэрэгтэйг сануулсан юм.

Өнөөдөр манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100% гаднаас буюу импортоор хангадаг.

Дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, ОХУ болон бусад орноос нийлүүлж байгаа бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг. Үүнээс шалтгаалан иргэдэд хүрэх онгоцны тийзний үнэ өндөр байдгийг авиа компаниуд хэлдэг.

Хуулийн төслийг санаачлагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон  “Өнөөдрийг хүртэл манай улс агаарын тээврийн түлшийг ОХУ-аас авч ирсэн. Бидэнд өөр улсаас бензин авах боломж байхгүй. Харин манай талд онгоцны түлш авах оролцогч нь төрийн өмчийн компани болох юм. Агаарын тээврийн компаниудын авах түлш хямдарснаар нислэгийн тийзний үнэ 10-15 хувиар буурах, хямдрах боломжтой” гэсэн билээ.

Хууль нэмэлт орсноор агаарын тээврийн шатахуун хангамжийг тасралтгүйгээр зах зээлийн үнээр хангаж, агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн онгоцны түлш авах зардал буурч, үүний үр дүнд тийзний үнэ хямдарч нислэгийн тоо сайжирна гэж үзээд байна. 

Ийнхүү улс орны стратегийн чухал ач холбогдолтой Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд намрын чуулганаар нэмэлт орууллаа.

ШИНЭ МЭДЭЭ