МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулган болов
2023.03.13
Улстөр

"Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулган болов

Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт“ үндэсний чуулганыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, дэмжлэгийг иргэдэд танилцуулах нь уг чуулганы зорилго байв.

Чуулганд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар оролцсон юм.

Тэрээр "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 30 жилийн дараа Хөдөөгийн сэргэлтийн асуудлыг хөндөж байгаа юм. Мөн дагуул хотуудыг хөгжүүлж Улаанбаатар хотын ужгирсан асуудлыг улсын хэмжээний бодлогын түвшинд гарган Засгийн газар оролцож, бодлого дэмжлэгээр ханган ажиллаж буй нь анхных. Хөдөө орон нутагт амьдрахаар зорьж буй гэр бүлд тодорхой  дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг ч Засгийн газар 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаараа гаргасан.

Хэт их төвлөрөл бөөгнөрөлөөс үүдэлтэй авто замын түгжрэл нь цаг алдалгүй шийдэх тулгамдсан асуудал. Манай Үндэсний хороо дунд, урт хугацааны бодлого гаргаж, ажил арга хэмжээгээ үе шаттай зохион явуулж байна” гэв. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөдөөгөөс хот руу нүүх шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдсэнээр хүн амын тал хувь нь буюу 1,6 сая нь Нийслэл Улаанбаатар хотод амьдрах болсон.
Энэхүү чуулганд 1400 орчим хүн оролцсоноос багагүй хувь нь өөрсдөө бүртгүүлж, хөдөөд амьдрахыг сонирхон судалж, мэдээлэл авахаар иржээ. Мөн  орон нутагт амьдарч буй залуус өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

ШИНЭ МЭДЭЭ