Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2023.02.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Амархан сайн байна уу? Төр түмнийхээ өмөг түшиг болсон азай буурлууд, ахмад настнууд энх тунх, идэр залуус цог золбоотой, хүүхэд багачууд эрүүл энх, эрдэм сурлагатай байж сайхан битүүлж, сайхан шинэлж байна уу?

Та бүхэндээ XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.Улиран одож буй бар жил дэлхий дахинд цар тахал үргэлжилж, дайн дажин дэгдэж, геополитикийн ээдрээтэй байдал даамжирч, дотоодод үнийн өсөлт, хил боомтын хүндрэл гээд олон арван сорилт бэрхшээл нүүрлэсэн, тэр хэрээрээ ухаарал эргэцүүлэл, туршлага сургамж үлдээсэн нэгэн онцлог түүхийн хуудас болон үлдэж байна. Монголчууд бид 1992 онд мэндэлсэн шинэ ардчилсан үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ч утгаараа өнгөрсөн 30 жилийн ололт амжилт, алдаа оноогоо дэнслэн дүгнэж шинэ 30 жилд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогоо тодорхойлох шаардлагатай тулгарав. Нийгэмд үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь хамгийн чухал зорилт болон тавигдаж байна. Өнгөрсөн гучин жилийн ололтоо хадгалж, алдаагаа засаж, шинэ гучин жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын ЗГ тууштай тэмцсээр байна.

Монгол Улсын ЗГ дотоод гадаад нөхцөл байдлаас үүдсэн энэ ээдрээтэй цаг үеийг хохирол багатай даван туулж эдийн засгаа тогтворжуулахад анхаарч ажиллаа. Цар тахлын оргил үед хасах 4.6 хувиар агшсан эдийн засаг өнөөдөр 4 хувь болж сэргэлээ. Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарлаа. Монгол Улсын экспортын орлого анх удаа 11 тэрбум ам. доллар болж экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ. Монгол Улсын валютын нөөц энэ оны 3-дугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам. доллар болж буураад байсан бол Эрдэнэс 5 толгой компанид онцгой дэглэм тогтоосноос хойш таван зуун сая ам. доллароор нэмэгдэж 3.3 тэрбум ам. доллар болж валютын ханш тогтворжиж эхэллээ.Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж Монгол Улс Чингис бондын нийт хоёр тэрбум ам. долларын өрийг бүрэн төлж, ирэх онд Самурай гэргий бондын өрийг төлж барагдуулах боломж бүрдлээ.

2023 он шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлж, хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуй нэгжүүд энгийн амьдралдаа эргэн шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн жил байх болно. 2023 оны эхний улиралд ОТ-н гүний уурхай ашиглалтад орж олон улсын хөрөнгө оруулалт идэвхжин сэргэх болно. 2023 онд нийслэлийн нийтийн тээврийг зуун хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж Хөшгийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно. 2023 онд Эрдэнэбүрэнгийн УЦС, 5 толгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлж Амгалангийн ДЦС эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх эхлэл байх болно.

2023 он Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байх болно. Сааршгүй сайныг билэгдэх эцэг дээдсийн заншилтай, Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай Монгол түмэн минь Сайн цаг, сайхан ирээдүйд дөтлөх “Үзэсгэлэн болгогч“ хэмээх усан Туулай жилээ айл өрх, ахан дүүсээрээ баяр жаргал дүүрэн угтаж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

ШИНЭ МЭДЭЭ