2023.02.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Улсын аварга тариаланч, малчдад шагнал гардууллаа
Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөх бүрд” ХХК-ийн механикжуулагч Эрдэнэдалайн Даваажаргалд “Улсын аварга тариаланч”-ийн шагналыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн хамт гардуулан өглөө.
Газар тариалангийн салбарт 23 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж байгаа Э. Даваажаргал нь 3 үе дамжсан тариаланч гэр бүл юм. Тэрээр газар тариалангийн салбарт залуучуудыг манлайлан үлгэр дуурайлал болж, шинээр ажиллаж буй трактор, комбайнчдад өөрийн мэдлэг, ур чадвараа хуваалцаж, шавь нараас нь “Аймгийн аварга механикжуулагч” 2, “Сумын аварга механикжуулагч” 1 төрөн гарсан байна.
undefined
Сонирхуулахад “Хөх бүрд” ХХК нь 2022 онд 800-1000 га талбайд тариалалт, уриншийн боловсруулалт хийж 1 га талбайгаас 15-20 цн ургац хураасан амжилтаараа “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг хүртсэн юм.Арвай буудай нь алтан шаргал тариа шигээ арвин байж, ард олноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМААС 68 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТОДОРЛОО
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн малчин Пүрэвжавын Бат-Эрдэнэд “Улсын аварга малчин өрх”-ийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, цом, улаан халзтай өргөө цагаан гэрийн батламжийн хамт гардуулан өглөө.
П.Бат-Эрдэнэ хөдөө аж ахуйн салбарт 26 жил ажиллаж байгаа бөгөөд ойн сан бүхий нутагт малаа таван төрөлд нь өсгөж, тэр дундаа үхэр сүргийг түлхүү өсгөн, малын зөв бүтцийг бий болгож, 525 толгой малыг төлөөр өсгөсөн амжилтыг үзүүлсэн байна.Тэрээр малын таваарлаг байдлыг хангах зорилгоор жилд 25-30 тн хадлан, 1 тн хужир, гогод мангирын дарш бэлтгэж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд технологит хугацаанд нь хамрагдаж, сүү цагаан идээгээ боловсруулан иргэдэд байгалийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлдэг байна.
Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллан “Улсын аварга малчин өрх”-өөр шагнагдсан П.Бат-Эрдэнийн гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.