МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн өвд бүртгэлтэй Орхоны хөндийд шинэ “Хархорум” хот байгуулна
2023.02.15
Хууль, эрх зүй

Дэлхийн өвд бүртгэлтэй Орхоны хөндийд шинэ “Хархорум” хот байгуулна

Монгол улсын хүн амын тал хувь нь 384 жилийн түүхтэй Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч байна. Уудам их газартай боловч дөрвөн уулаараа хүрээлэгдсэн нийслэл хотдоо багтаж ядан амьдарсаар. Үүний үр дүнд дэд бүтцийн даац хэтэрч, хүрээлэн буй орчны доройтолд өртөж, замын түгжрэлд хоногийнхоо ихэнх цагийг өнгөрөөдөг болсон. Мөн хот руу суурьшин ирэх иргэдийн тоо жилээс жилд ихсэж, орон нутагт ажилгүйдэл, ядуурал гаарсан. Энэ нь хүн амын төвлөрөл нэг цэгт хүрч нийгмийн бусад хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас шинэ дагуул хот байгуулахаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2023 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Шинэ хот байгуулах асуудлын хүрээнд Барилга хот байгуулалтын яамнаас шат дараатай судалгаануудыг олон жил хийж ирсэн. Тодруулбал
  • 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа,
  • 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ,
  • 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр,
  • 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа,
  • 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулсан байна.

Чухам "Орхоны хөндийд" хот байгуулахаар сонгосон нь түүхийн хувьд өв их соёлыг тээж буй бүс нутаг, байгаль цаг уурын тэнцвэртэй, Монголын Эзэнт гүрний нийслэл байсан төдийгүй тухайн үеийн худалдаа эдийн засгийн гол төв байсанд оршиж байна.

Орхоны хөндий нь Монгол Улсын төв хэсэгт Хангай Хэнтийн их уулархаг мужын Орхон-Сэлэнгийн сав газрын Хангайн нурууны зүүн урд хэсгээс босоо тэнхлэгийн дагуу урдаас хойш 110км орчим урт сунаж тогтсон. Тамирын голын Орхон голтой нийлж байгаа хэсэгт баруунаасаа зүүн тийш сунасан Орхон Тамирын уудам бэлчир нутагтай, нуга, Хангайн нурууны захын бэсрэг уулсын хээрийн ландшафт бүхий байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий нутаг дэвсгэр юм. Уг газар нутгийн онцлогт түшиглэн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх боломжтой гэж харжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд Архангай, Өвөрхангай  аймаг болон шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй "Орхоны хөндийд" ажилласан.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна” гэж заасан. Мөн 2021-2030 онд “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж тусгасныг онцолж байсан юм.

Дэд бүтэц, төлөвлөлт, инженер техникийн асуудал, дулаан, шугам, барилга байгууламж гээд олон улсын жишгээр шинэ хот байгуулахад хамгийн багадаа 15 жил, ихдээ 20 жил гэж шаардагддаг гэнэ.
Энэ жишгээр 2043 он гэхэд шинэ “Хархорум” хот сүндэрлэх аж.

Одоогоор шинэ хот байгуулах ажлын хэсгийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалж ажиллаж буй. Тэрээр шинэ хотын урьдчилсан ТЭЗҮ-ийг яаралтай нарийвчлан танилцуулах үүрэг өгсөн.

Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат: Байршил тогтоох судалгаа 2023 оны I улиралд багтаад дуусчих байх. Байршлаа тогтоочхоод судалгааны ажил дээрээ үндэслэн ТЭЗҮ, хот байгуулах ерөнхий төлөвлөгөө хийнэ” гэсэн юм.

Тэгвэл энэ өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж буй. Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хотын барилгын үндэсний агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БНСУ-ын Захиргааны хотын барилгын үндэсний агентлагийн захирагч Ли Сан Рэ гарын үсэг зурав. Ингэснээр “Орхоны хөндий”, “Хөшигийн хөндий”-д шинэ хот байгуулахад хамтран ажиллахаар болж байна.

БНХАУ-ын Сужуо хотод 2004 онд хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 28 дугаар чуулганаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн энэ газар хот байгуулах асуудалд нийгэм сайн, муу олон талт байр суурийг илэрхийлж буй. Гагцхүү орчин үеийн хот байгуулахдаа уламжлалт аж ахуй болон экологийн тэнцвэрт байдал, байгалийн үзэсгэлэнт газар нутгийн онгон дагшин байдлыг хэвээр хадгалах нь чухал асуудал.

 Хархорум хотыг сэргээн шинэ хот байгуулснаар хүн амын нутагшилт суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг бууруулах, түүхэн өв соёлыг хадгалан уламжлах, аялал жуулчлалыг дэлхийн түвшинд хүргэх, иргэдийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагчид үзсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ