МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл авна
2023.02.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл авна

Хөдөө орон нутагт цалин хөлс бага, нийгмийн баталгаа сул байгаагаас шалтгаалан боловсон хүчний дутагдал маш их бий. УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшууллыг олгохоор зохицуулалтыг тусгасан.

Харин аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүйн улмаас сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна.

Их сургууль төгсөөд сумын төвд ажиллаж буй боловсон хүчний цалин хөлс

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш 850.0 – 950.0 мянга төгрөг
  • Эмч 850.0 – 950.0 мянган төгрөг
  • Ажиллаж буй албан хаагч 840.0 – 940.0 мянга төгрөг,
  • Төрийн захиргааны албан хаагч 615.0 мянган төгрөг авдаг

Сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллах залуучуудын сонирхол туйлын бага болсон. Улсын хэмжээнд 1,338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, 319 мэргэжилтэн өөр ажилд шилжжээ. Иймд УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл буюу ТАВАН ЖИЛ тутамд нэг удаа ЗУРГААН САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ НЬ ТЭНЦЭХ хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд тусгах хуулийн төслийг боловсруулан, өргөн барьж батлууллаа.

Энэ хууль 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ