МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамжинд нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг судалж байгаа гэв
2023.02.10
Зам, Тээвэр

Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамжинд нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг судалж байгаа гэв

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн зохицуулалтын талаар холбогдох хүмүүстэй санал солилцлоо.

Энэ үеэр 1 дүгээр эгнээ чөлөөлөх ажлын хүрээнд хийж буй бэлтгэл ажил, зохион байгуулалтын тухай мэдээлэл сонслоо. Эн тэргүүнд Энхтайваны өргөн чөлөө дагуух зам буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага хийх ажлыг энэ оны хагас улиралд багтаан дуусгах чиглэл өглөө.

Дараагийн ээлжид Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын гудамжийг 1 дүгээр эгнээгээр явуулах ажлыг судлан тооцож байгаа аж.

Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд замын хөдөлгөөний уян хатан зохицуулалтыг шуурхай хийх шаардлага үүсэж байна. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр  Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй гэдгийг тэрээр хэлэв.

Мөн худалдаа үйлчилгээний томоохон төв болсон Дүнжингаравын авто замын ачааллыг бууруулах шийдлийн талаар мэргэжлийнхний саналыг сонслоо.

Хувийн байгууллага замын орц гарцаа шийдэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой ч зайлшгүй тохиолдолд зохицуулалт хийх шаардлага үүсэж байна. Газар дээр нь танилцаж авто замын инженерүүдийн тооцоолол аргачлал дээр тулгуурлан тодорхой шийдвэр гаргахаар болов.

Замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт хийх дараагийн уулзвар нь Өлзий төв, Дөлгөөн нуурын хэсэг гэв.
Өнөөдрийн ажил хэргийн уулзалтад Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, хэлстийн дарга Б.Одбаяр, Нийслэлийн авто зам засвар, ашиглалтын газрын дарга Б.Галхүү, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ