“Алдартнуудаа алдаршуулъя” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шинээр 10 аймгийн алдарт уяач төрлөө
2023.02.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Алдартнуудаа алдаршуулъя” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шинээр 10 аймгийн алдарт уяач төрлөө

Хэнтий аймгийн 100 жилийн ойн хүрээнд “Сэцэн ханы хүлэг” МСУХ-оос Хүлэг эрдэнийн хиймориор төр түмнээ цэнгүүлэгч орон нутгийн дээд цолтон аймгийн алдарт уяачдадаа хүндэтгэл үзүүлэх “Алдартнуудаа алдаршуулъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулав.

УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн ивээл дор, “Эбэг” ХХК, “Баян нуур хөсөг” ХХК-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаан, Улс, аймгийн алдарт уяачдадаа хүндэтгэл үзүүлэх, шинээр тодорсон аймгийн алдарт уяачдад цол олгох ёслол боллоо.

Хан Хэнтий аймгийн 200 гаруй алдарт уяачид, Сэцэн ханы хүлэг МСУХ-ны салбар холбоод цугласан өргөн дэлгэр арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар аймгийн Засаг даргын хамт  оролцлоо.

Энэ үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн 2023.02.02-ны өдрийн 7 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор Хэрлэн сумын уяач Доржийн Пүрвээ, Биндэр сумын уяач Аюурзанын Ганбаатар нарыг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар Баян-Овоо сумын уяач Нэргүйн Атарбаярыг шагналаа.

Үүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар шинээр “Аймгийн алдарт уяач” цол авсан уяачдад цол тэмдэг, өргөмжлөл, малгайн хамт гардуулан өглөө. Шинээр Норовлин сумын Ю.Түвшинжаргал, Өмнөдэлгэр сумын Т.Төмөр, М.Гонгоржав, Д.Мөнхчулуун, Ц.Ханхарангуй, Цэнхэрмандал сумын Н.Нацагдорж, Дадал сумын Н.Болдням, Батноров сумын Г.Жаргалсайхан, Баян-Адарга сумын С.Цагаанцоож, Хэрлэн сумын Ж.Ганхуяг нар аймгийн алдарт уяач боллоо.

УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уяачдад хандан "..- Монголчуудын бүтээсэн үндэсний соёл, эрийн гурван наадам бол Монгол хүний оюун бодол, дотоод сэтгэлтэй шүтэн барилдсан мянган, мянган жилийн өв уламжлал, үндэсний дархлаа юм. Энэ жил Халхын дөрвөн аймгийн нэг Хан Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиож байна. Аймгийн ууган арван сум мөн 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Иймээс мэргэн харваачид, хүлэгч, уяачид, хүчит бөхчүүд бэлтгэлээ сайтар базааж, шударга сайхан наадаарай" гэв.

Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг“ МСУХ-ны аймгийн алдарт уяач цолтнуудаа алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээнд зориулсан аймаг, сумын цолтой хүчит 32  бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Аймгийн арслан Ш.Отгонтөгс түрүүлж , Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн арслан Д.Алтанцоож үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Галшар сумын харьяат аймгийн заан Б.Тожил, Норовлин сумын харьяат Аймгийн начин А.Эрдэнэбаяр нар шөвгөрлөө.

ШИНЭ МЭДЭЭ