2023.01.23
Орон нутгийн хөгжил
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд ажиллаа
БШУЯ, Боловсролын ерөнхий газар, УИХ-ын гишүүний ажлын албаны хамтарсан ажлын хэсэг ажилласан.
Нутгийнхаа сумдаар явж улс орны нийгэм, эдийн засгийн байдал, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль тогтоомжийн талаар тойргийн иргэддээ мэдээлэл хийх хүсэл их байвч ажлын ачааллаас хамааран тэр бүр явж чадахгүй байгааг минь ойлгох биз ээ.
Хөвсгөл аймаг нийтдээ цас ихтэй, өнгөрсөн намар хадлан тэжээл базаасан ч өвөл, хавартаа нөхцөл байдал хүндрэх төлөвтэй. Тус сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын гүйцэтгэл хэт удааширч, зогсонги байдалд орсныг үргэлжлүүлж 2023 онд багтаан дуусгахад анхаарна.
Бийж, бор бургасын давааны зураг төсвийг 300 сая төгрөгийн төсөвт өртгөөр мэргэжлийн байгууллагаар хийлгээд дуусаж байгаа. Тус сумын 5 дугаар багийн Юнителийн сүлжээний тоног төхөөрөмж суурилагдсан. Энэ оны 2 дугаар улиралд багтаан сүлжээ орно. 2024 оны Улсын төсөвт Соёлын төвийн барилга, Эрүүл мэндийн төвийн барилгын хөрөнгө оруулалтыг тусгуулах шаардлагатай гэж сум орны удирдлагууд эрэмбэлсэн байна.
Ахмадын өргөөний барилга энэ онд ашиглалтад орно. Өнгөрсөн онд Улсын онцгой комисст хүсэлт тавьж түргэн тусламжийн авто машин шийдвэрлүүлсэн.
Суманд улсын төсвөөр баригдаж байгаа барилга байгууламжийг улсын комисс хүлээж авах, захиалагч байгууллага хяналт тавих тал дээр маш сайн анхаарахгүй бол хийдэл их байна. Гүйцэтгэгч талаас чанаргүй барих, гүйцэтгэл дутуу хийх үзэгдэл газар авчээ.
Чанаргүй барилгыг захиалагч тал хүлээж авахгүй байх нь зөв. Тэгэхгүй бол дутуу барилгаа улсын комисст хүлээлгэж өгөөд санхүүжилтээ 100 хувь авчихаад алга болдог. Хоёр дахь жилээс эхлэн барилгаас дусаал гоожиж, хана туурга нь хагарч цуурдаг, агааржуулалтаа буруу угсарсан нь мэдэгддэг. Ирж засвар үйлчилгээ хийхгүй орхидог.
Боловсролын байгууллагын багш нарт боловсролын шинэчлэлийн зорилт, хэрэгжилт, үр дүнд суурилсан санхүүжилт, багшийн үнэлгээ, төсвийн шинэчлэл, салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байгаа.