МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Мөнхцэцэг: Өдөр бүр соёлын дархлаа, бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг ард түмэн мэдэрдэг, түгээн дэлгэрүүлж, дэлхийд таниулдаг байх нь чухал
2023.01.12
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Г.Мөнхцэцэг: Өдөр бүр соёлын дархлаа, бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг ард түмэн мэдэрдэг, түгээн дэлгэрүүлж, дэлхийд таниулдаг байх нь чухал

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны  /2023.01.11/-ний өдрийн  хуралдаанаар  “Соёлын бүтээлч сар” сэдвээр Соёлын сайдын мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Соёлын сайд Ч.Номин “Соёлын бүтээлч сар” аяныг 1 дэх долоо хоногт үндэсний нэгдмэл үнэт зүйл, 2 дахь долоо хоногт бүх нийтийн соёлын боловсрол, 3 дахь долоо хоног соёлын бүтээлч үйлдвэрлэл, 4 дэх долоо хоногт соёлын аялал жуулчлал гэхчлэн 4 үндсэн чиглэлээр зохион байгуулсан

Нэг сарын турш зохион байгуулсан соёлын бүтээлч сарын арга хэмжээ нь Улаанбаатар хотноо 171, 21 аймгийн хүрээнд 1820 арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулж, нийт 2063 арга хэмжээнд 1.014.454 хүн хамрагдснаас соёл, урлагийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр, тоглолт, үзвэрийн арга хэмжээнд 277.124 хүүхдийг хамруулж, Монгол Улсын нийт хүүхдийн 23 хувьд хүрч ажилласан.

Түүнчлэн соёлын үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хангах үүднээс 6026 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж улсын хэмжээнд байгаа 106.169 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 5.7 хувьд соёлын үйлчилгээ үзүүлж, сарын аянд хамруулсан” гэв.

Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг салбарын төлөөлөл, уран бүтээлчдэд танилцуулж хэлэлцүүлэв.

Соёлын сайдын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Т.Аубакир нар асуулт асууж, цаашид соёлын салбарыг зөвхөн нэг сарын хүрээнд зарлан үйл ажиллагаа явуулах бус олон улсын хэмжээнд хэрхэн хөгжүүлэх, өв соёлоо таниулахад ямар ажил хийж байгааг асууж тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  барьж байгуулсан соёлын төвийн үйл ажиллагаа нийтийн бүжиг зохион байгуулах төдийхнөөр хөгжиж болохгүйг цөөнгүй гишүүд хэлж, үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй явуулж, иргэдэд соёлын боловсрол олгоход түлхүү хөгжүүлэх ёстойг Соёлын сайд болон ажлын хэсгийн гишүүдэд хэллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал. Соёлын аян үр дүнтэй болсонд салбарын яам, харьяа байгууллагуудад талархал илэрхийлье.  Гэхдээ өдөр бүр соёлын дархлаа, бүтээлч үйлдвэрлэлийн үр шимийг ард түмэн мэдэрдэг, түгээн дэлгэрүүлж,  дэлхийд таниулдаг байх нь чухал” гэдгийг онцолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ