2023.01.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Ж.Бат-Эрдэнэ: Хэчнээн га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
Бид нар Нисэхийн хөндийд хот барих гээд нэлээн хэдэн га газрыг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авч байсан. Гэтэл 2-3 жилийн дараа сумын засаг даргатай нь ярьж байгаад хүмүүс газар авчихсан. Одоо хүртэл шүүхээр энэ асуудлын талаар маргаантай, газраа шийдэж чадаагүй байна.
Хуулийнхаа дагуу яамныхан яаж харж байна. Баг бүрдээд техник, эдийн засгийн судалгаа хийгээд явж байна. Энэ зөв. Ингэснээр үндэслэлтэй хэдэн га-д хот байгуулах нь тодорхой болно. Үүнтэй уялдсан ажлын хэсэг гарах байх. Ажлын хэсгийн үйл ажиллагаан дотор хэдэн га газарт хот байгуулна гэсэн анхан шатны үзүүлэлт байна уу?
Үүнтэй уялдаад хэчнээн га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах вэ. Тусгай хэрэгцээнд авч буй хууль, эрх зүй чинь болж байгаа юу? Нисэхийн хөндийтэй адилхан газраа алдаад, 1-2 жилийн дараа шүүхээр явах асуудал үүсэх вий. Энэ яг юунаас болоод үүссэн бэ. Хуультай холбоотой юу эсвэл орон нутгийн удирдлагууд нь хуулиа зөрчөөд байна уу. Юу болсон талаар тайлбар хийнэ үү.
Ус дэд бүтэц, хөрсний шинжилгээтэй холбоотой асуудлууд ямар хэмжээнд байгаа вэ. Хот байгуулахад зарим газар өндөрлөг, нам байх асуудлууд байдаг. Судалгаа хийгээд гарсан эхний дүгнэлт ямар байна вэ?
Эдийн засгийн үндэслэлээр буюу төрийн захиргааны байгууллага, зам, дэд бүтэц зэргийг бий болгоход хэр хэмжээний хөрөнгө оруулалт орох вэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.