МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаад 111 жил боллоо
2022.12.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаад 111 жил боллоо

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 111 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэе.

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан билээ. Улмаар VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилөн, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулж байсан түүхтэй.

Тухайн цаг үед Өндөр гэгээн Занабазарын туурвисан Соёмбо үсэг нь өндөр төрийн сүлд болон залагдаж, тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдлийн илэрхийлэл болсон төдийгүй төрт ёсны бэлгэдэл болж байсан юм. Соёмбо бол Монголчуудын бичиг соёлын дурсгал төдийгүй тэнгэр үзлийг шингээсэн далд нарийн утгыг хурааж, ёс заншил сүсэг бишрэл, итгэл үнэмшилтэй холбон байгаль эх дэлхий, хязгааргүй орон зайг цаг хугацааны гэтэлшгүй чинадыг даван сэтгэсэн, оюун санааны төвлөрсөн илэрхийлэл, дүрслэл тэмдгийн төгс цогц бэлгэдэл юм.
Төр хийгээд Монгол түмний түүх соёлын нэгэн бэлгэдэл болсон Соёмбо тэмдэг үсгийг сонирхон судлагч миний бие Монголын Үндэсний музей болон цуглуулагч Б.Амарсанаатай хамтран “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” үзэсгэлэнг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан амжилттай зохион байгуулсан билээ.

Монгол хүний оюун санааны төгс илэрхийлэл төрт ёсны мөнх оршихуйн билэгдэл Соёмбо өнө дэлгэр оршиж, тусгаар Монгол Улс маань мандан бадрах болтугай.

ШИНЭ МЭДЭЭ