МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг боловсруулсан нь чухал үйл явдал байлаа
2023.01.02
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан: “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг боловсруулсан нь чухал үйл явдал байлаа

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2022 онд УИХ-ын гишүүний хууль санаачлан, батлах эрх үүргийнхээ хүрээнд 11 хуулийн ажлын хэсэгт гишүүнээр ажилласнаас “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх” ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа.

Ингэснээр сэтгэл санааны хохирлыг шинжлэх ухааны үндэслэлээр үнэлэх боломж бүрдэж, шүүх шинжилгээний байгууллагын хараат бус бие даасан байдал хангагдсан.

Мөн дараах 4 хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм.

  1. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулсан.
  2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн барьсан.
  3. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг өргөн барьсан.
  4. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өргөн барьсан.

Тэрээр" 2022 онд бидний хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын нэг бол Баянзүрх дүүргээ хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг дүүргийн удирдлагууд, эрдэмтэн судлаач, иргэдтэйгээ хамтран боловсруулсан явдал байлаа.

Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтуудтай уялдаж буйгаараа онцлогтой бөгөөд, бусад баримт бичгүүдээс илүү үр дүнтэй, төлөвлөсөн ажлууд хөрсөн дээрээ хийнэ гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Баримт бичгийн хүрээнд 2030 он хүртэл жил бүр Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалтын тооцоо, судалгаа, төлөвлөлтийг тусгаж өгснөөр Хөгжлийн зураглал бодлогын баримт бичиг маань хөгжлийг  түргэвчлэх хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Цар тахал, нийгэм эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд Нийслэл, дүүргийн удирдлагуудтайгаа нэгдэж Баянзүрх дүүрэгтээ багагүй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж иргэдийн талархалыг хүлээлээ. Түүнчлэн эргэх холбоог эрхэмлэж тойргийнхоо 3200 иргэнтэй уулзаж, амаар болон бичгээр, цахимаар 1100 санал хүлээн авч бүгдэд нь тодорхой хариулт өгч, шийдвэрлэж ажиллажээ.

Ирэх 2023 оныг Баянзүрх дүүрэг “Хүний хөгжлийг дэмжсэн жил” болгон зарласан.

Энэ уриалгыг миний бие дэмжиж, хийхээр төлөвлөсөн олон ажилтай шинэ оны босгыг алхаж байгаагаа дуулгахад таатай байна. Цаашид түмэн олныхоо итгэл, зүтгэл, сэтгэлийн үр дүнд  сонгогдсныхоо хувьд иргэн бүрийн санаа бодлыг сонсож, түүнийг төрийн бодлого шийдвэрт тусгах нь хамгаас чухал тул сар бүр “Дэмжье” уулзалтаа зохион байгуулах болно.

2023 он Улс орны эдийн засагт сэргэлт авч ирсэн, амжилт бүтээлээр арвин жил байх болтугай. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ