МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.12.19
Хууль, эрх зүй

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.16) хуралдаан 13 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2022 оны 21 дүгээр тогтоолоор байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсгээс авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийг газрын удирдах эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар нь хасаж, 5-12 жил хорих ял оногдуулахаас гадна хэргийг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналыг гаргажээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналыг гаргасан байна.


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хуралдаанд танилцуулахаар болов

ШИНЭ МЭДЭЭ