МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МАН: Гэрээ байгуулахыг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр биш ЗГ, УИХ шийддэг байх ёстой гэж үзлээ
2022.12.13
Улстөр

МАН: Гэрээ байгуулахыг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр биш ЗГ, УИХ шийддэг байх ёстой гэж үзлээ

Засгийн газраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ яаралтай горимоор хэлэлцэнэ. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2022.12.12/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Л.Мөнхбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, тэр дундаа сүүлийн өдрүүдэд үргэлжилж буй жагсаал,цуглаантай холбоотойгоор иргэдийн тавьж буй шаардлага, Засгийн газраас сүүлийн өдрүүдэд авч хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудын талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарын мэдээлэл, мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор ХЗБХ-ны дарга Л.Мөнхбаатарын мэдээлийг сонслоо.

Жагсаж буй иргэдийн зүгээс хамгийн чухал нь хариуцлага тооцох тухай шаардлагыг тавьж буй. Түүнтэй холбогдуулан хууль эрхзүйн хүрээнд ямар арга хэмжээ авах нь чухал гэдгийг ярилцсанаар дараах гурван шийдвэрийг гаргасан юм.

Нэгдүгээрт, Жагсагчидтай уулзаж саналыг нь сонсох, тэднийг үзэл бодлоо илэрхийлэх нөхцлөөр хангах, хэлэлцээр хийснээр асуудлыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэх чиглэлд анхаарах шаардлагатай гэж үзлээ.

Хоёрдугаарт, Хариуцлага тооцохтой холбоотойгоор эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах шаардлагатай байгаа юм. Тиймээс Засгийн газар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зэрэг хуулийг энэ долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцээд, УИХ-д өргөн барьснаар энэ долоо хоногт багтаан хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. Энэ нь бидний ярьж заншсанаар “хялбаршуулах” болон одоо байгаа ялын бодлогыг чангахтай холбоотой асуудал юм. Өмнө нь энэхүү хуулийг Засгийн газраас өргөн барьсан боловч нөхцөл байдал өөрчлөгдөж буйтай холбоотойгоор өөр хэд, хэдэн зүйлийг хамруулж авч үзэх нь зүйтэй хэмээн үзлээ. Түүн дотроо үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой асуудлыг хүртэл хамруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Ер нь цаашид байгалийн баялаг болон төрийн өмчийн менежментийг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Аливаа нэг асуудал гарахад шийдээд өнгөрөх биш, цаашид асуудал гаргахгүй байх эрхзүйн үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн компаниудын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо.

Гуравдугаарт, ҮБАЗ-ийн зөвлөмжийн дагуу гэрээ байгуулж буй асуудал сүүлийн арав гаруй жил үргэлжилж буй юм. Ерөнхий сайдаас санал тавьсаны дагуу эрхзүйн асуудлыг сайжруулах шаардлага үүсэн. Гэрээ байгуулахыг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр биш, хуулиар, Засгийн газар, УИХ шийддэг байх шаардлагатай гэж үзлээ” гэв.

ШИНЭ МЭДЭЭ