2022.12.01

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч дүгнэлтийг хэнээс ч хараат бусаар гаргах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар /2022,12,01/ Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч нь шүүхийн шинжилгээний дүгнэлтийг хэнээс ч хараат бусаар гаргадаг байх ёстой. Энэ асуудлыг үүрэгжүүлж уг хуульд тусгаж байгаа. Шинжээчийн гаргасан дүгнэлтэд тухайн байгууллагын дарга болон өөр этгээд байсан ч дүгнэлтийг өөрчлөх талаар нөлөөлөх, оролцох эрхгүй. Энэ нь хуулиар  хориотой.

16.3 болон 16.4 заалтад шинжилгээний байгууллагын хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан гэж байгаа. Энэ бол тухайн шинжээчийн удирдах нэгжийн дарга. Хуваарилалтыг баталгаажуулах гэсэн заалтыг байгууллагын дарга нар шинжээчийн дүгнэлтийг өөрчлөх эрхтэй мэтээр ойлгож, хэрэгжүүлж болохгүй гэдгийг би зориуд хэлж байна. Ингэж ойлговол энэ хууль бүхэлдээ гажуудна. Шинжилгээний байгууллагын хуваарилалтыг баталгаажуулах гэдэг энэ үгийг шинжилгээний дүгнэлтийг өөрчлөх гэж буруу ойлгож хэрэгжүүлэхгүй шүү.

ШИНЭ МЭДЭЭ