2022.12.01
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Газрын төлбөрийг шударгаар тогтоох шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 

Энэ хууль бол Монгол улсын эдийн засгийн өсөлт, хүн амын нийгмийн харилцааны гол хуулиудын нэг. Эмнэлэг сургууль цэцэрлэг зэрэг нийтийн зориулалттай байгууламж, тэдгээрийн хөрөнгө оруулалтын төсвийг оруулж байгаа ч Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн нэг ч газар байхгүй.

Өнгөрсөн жилүүдэд эрх мэдэлтэн, хэн нэгний буруу шийдвэрүүдээс болоод Улаанбаатарын бүх газар цөөнхийн гарт очсон. Энэ байдлыг арилгах ёстой. Нийгэм эдийн засгийн бүх баялаг тэгш бус хуваарилагдсан байдал гүнзгийрч байна. Тиймээс газрын төлбөр, газар өмчлөлийн хуулийг эргэн харах шаардлагатай.

Газрын төлбөрийг Монгол улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх, ашиглах эрхтэй холбогдуулан тодорхой хэмжээгээр өөрчлөх шаардлагатай. Тухайлбал иргэний хувийн өмчийн хэрэгцээний газруудын төлбөрийг нэмэхгүйгээр, улсын хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч компаниудын төлбөрийг нэмэх боломж бий юу?

2021 оны дүнгээр нийт 486 мянган газар эзэмшигч компань, 2232 ашиглагч байна. Эдгээрийн газар эзэмшиж буй төлбөрийг нэмэх шаардлагатай. Ингэснээр нийгмийн шударга ёс, тэгш байдлыг дэмжинэ. Монгол улсын эдийн засагт газрын үр шимээс хөрөнгө, төсөв орж ирнэ. Тиймээс хуулийн төсөлдөө газрын төлбөрийг шударга, хүртээмжтэй байлгах, нийгмийн шударга ёсны үүднээс нэмэх, зохицуулах тухай ямар заалт орж байгаа вэ?

Газрын төлбөр тогтоох асуудлыг орон нутагт өгч байна вэ. Монгол улс бол нэгдмэл улс. Улсын нэгдмэл байдлыг хэмжих аюулгүй байдлын гол асуудал бол яах аргагүй газар. Газар өмчлөлийн болон төлбөрийн хуулиудад орон нутагт эрх мэдлийг ямар үндэслэлээр өгч байна вэ?

Үндсэн хуулийн 6.4-т төр газартай холбогдсон үүрэг хүлээлгэж тухайн газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн байдлаар ашиглавал хурааж авна гэж заасан. Газрын төлбөр, газар өмчлөлийн хуулиудаар газар өмчлөгч болон ашиглагч, иргэд, аж ахуйн нэгжид ямар үүрэг хариуцлага ноогдуулж байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ