МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцав
2022.12.01
Хууль, эрх зүй

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.30) хуралдаан 10 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Эхлээд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нар орж ажилласан. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг байгуулж холбогдох судалгаа, мэдээлэл гаргуулан ажилласан байна. Ажлын хэсэг 2 удаа, ажлын дэд хэсэг 9 удаа хуралджээ.

Ажлын хэсгийн зүгээс Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөлд дурдсан “Сэтгэцэд учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг тогтоох” тодорхой сэдвийн хүрээнд 2022 оны арван нэгдүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд, арван нэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын Хуульчдын холбоонд салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан юм.

Ажлын хэсэг шинжилгээний байгууллагын алба хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаснаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинжилгээний хууль зүйн үндэслэл, шинжлэх ухааны тайлбарыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн хүрээнд олон нийтийг үнэн, зөв мэдээллээр хангах, шинжээч үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлснээр шинжилгээний үнэн зөв байдлыг хангах, шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримтлан холбогдох зарчмын зөрүүтэй саналыг гаргажээ.

Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шинжээчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамж ашиглах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шинжилгээ хийлгэх иргэдийн эрх ашгийг хамгаалах, шинжилгээний найдвартай байдлыг хангах, шаардлагатай урвалж бодисын нөөцийг бүрдүүлэх зорилгоор Шинжилгээнд ашигладаг урвалж бодис, лабораторын тоног төхөөрөмжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр холбогдох томьёоллыг боловсруулжээ. Алба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдлийг шүүх шинжилгээний алба хаагчид олгох нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санд экологийн шинжилгээний санг шинээр нэмж, шинжээч болон бусад алба хаагч нь шинжилгээний байгууллагын шинжилгээний адилтгал, мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглох нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс холбогдох томьёоллыг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан танилцууллаа.

Түүнчлэн эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээргүй болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд шүүх, прокурорын зөвшөөрснөөр шинжилгээний дүгнэлтийг хийх журам, шинжлэх ухааны үндэслэлийн талаар хэргийн оролцогчоос бусад этгээдэд мэдээлэл өгөх зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Алба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор амь нас, эрүүл мэндийг заавал даатгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулжээ. Ташрамд дурьдахад Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 85 гэмт хэргээс шалтгаалан хохирогч амь насаа алдсан, түүнчлэн сэтгэцэд хор уршиг учирсан бол хохирлыг мөнгөн дүнгээр тогтоох зарчмын өөрчлөлтийг хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хүрээнд өөрчлөлтгүйгээр оруулахаар тогтсон байна.

Ажлын хэсэг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 36, найруулгын 2 саналын томьёолол, болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Э.Бат-Амгалан гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулга хийв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч томилно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж тус тус заасан.

Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нарыг Улсын Их Хуралд танилцууллаа.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй, ам бүл 4. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1998-2003 онд Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль, эрх зүйч, бакалавр, 2011-2014 онд Их засаг Олон улсын их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, 2012 онд Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь төрийн албанд 18 жил, шүүгчээр 14 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил ажиллаж байна.

Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь хуульд заасан шалгуурыг бүрэн хангасан болохыг нэгбүрчлэн танилцуулсан юм. Шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад М.Пүрэвсүрэн нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 55.32 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.09 оноо, нийт 81.41 оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр нэр дэвшигчээс нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 312 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцуулж байгаа аж.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл 4. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол, 1996-2000 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр, 2000-2001 онд Их Засаг их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш, 2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж байна.

Үргэлжлүүлэн нэр дэвшигч Б.Ганболд нь хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад Б.Ганболд нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50.53 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 21.53 оноо, нийт 72.06 оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр нэр дэвшигчээс хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 313 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболдыг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцуулж байгаа аж.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй, ам бүл 4. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль бүрэн дунд боловсрол, 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр, 2011-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд туслах шүүгч, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах 2 дугаар шүүхийн шүүгч, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан. Нэр дэвшигч Н.Батчимэг нь төрийн албанд 24 жил 4 сар, шүүгчээр 24 жил 4 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 7 жил ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч Н.Батчимэгийн хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж байгаа талаар мөн танилцууллаа.

Нэр дэвшигчдээс авсан шалгалтад Н.Батчимэг нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 53.24 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.76 оноо, нийт 80 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэгийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцууллаа.

Дараа нь Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан талаар танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэг, Бадамдоогийн Ганболд, Мөнхөөгийн Пүрэвсүрэнг нэр дэвшүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн.

Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхийн нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны арван нэгдүгээр сарын 28-ний өдөр зохион байгуулж, Байнгын хорооны 9 гишүүн оролцож хуульд заасан шаардлагыг хангасан болохыг танилцуулав.

Нэр дэвшигчийн сонсголд нэр бүхий оролцогчид оролцож, хараат бус шүүхийн төлөө үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэхийн сацуу нэр дэвшигчдийн талаар урьдчилан судалж, тодорхой асуултаа асууж, саналаа хэлсэн гэдгийг Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлсэн. Ингээд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэн, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ

ШИНЭ МЭДЭЭ