2022.11.25
Барилга, Хот байгуулалт

Ж.Батжаргал: Газрын тухай хуульд иргэдийн оролцоог хангах зохицуулалт байгаа эсэхийг тодруулж өгнө үү

УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Газрын тухай хууль бол том хууль. Энэ хуульд иргэдийн оролцоог хангах ялангуяа газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах үйл явцдаа яаж оруулах вэ? Энэ талаар зохицуулсан ямар харилцаа байна вэ?

Бэлчээрийн тусгайлсан бие даасан хууль гаргахгүй, энэ хуулиар зохицуулна гэж байгаа. Байж болох байх. Гэхдээ одоогийн төсөлд орж ирсэн зохицуулалт өнөөдөр мөрдөгдөж буй хуульд заасан бэлчээрийн харилцааны асуудлаасаа дордож орж ирсэн. Үүнийг бодох ёстой. Бэлчээрийг хамгаална, зөв ашиглана гэж ярьж байгаа бол тодорхой бэлчээр ашиглалтын хэсгүүд, орон нутаг санаачлаад төрөл бүрийн арга замаар шийдэх гэж оролдсон. Энэ талаар бүх харилцааг нь үгүй хийж байна. Зөвхөн отрын бүс нутгийг гэрээгээр ашиглуулна. Бусад газрыг нийтээр ашиглуулна гэдэг үг, хэллэг оруулж ирээд үндсэндээ бэлчээр ашиглалт чинь дундын хэлбэрээрээ цөлжилт, талхлалт нь улам нэмэгдэх үйл явц руу гаа явах нь. Үүнийг юу гэж ойлгож, харж байна вэ?

Отрын бүс нутгийг гэрээгээр ашиглана гэдгийг юу гэж ойлгож байна. Тухайн жилийн ургамлын гарцтай нь уялдуулж отрын нөөц нутагт ийм хэмжээний мал орж болно гэдэг зүйлээ тохироод холбогдох аймаг, сумдуудтайгаа хийх гэрээг ашиглалтын гэрээ гэж яриад байна уу. Эсвэл нэг хэсэг улсуудад ашиглалтын гэрээгээр газраа олгочих гээд байна уу?

Хоёр сумын хилийн цэсээс хоёр тийшээ 5, 5 км газарт дундаа хэн ч ашиглаж болохоор заалт оруулж иржээ. Энэ зөвхөн хоёр сумын иргэдийн асуудлыг шийдэж буй зүйл биш шүү. Байдал цаг уур хүндэрсэн, төв рүү тэмүүлсэн нүүдэл сумдын хилийн цэс дээр бөөгнөрч газар нутгийг талхлах, зохицуулалтгүй бэлчээр ашиглалт явагдах ийм эрх зүйн харилцааг нээж өгөх гээд буй заалт орж ирж байна. Үүнийг та нар юу гэж ойлгож байна вэ?

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд тухайн орон нутгийн иргэд буюу багийн иргэд ямар байдалтай оролцож хариу өгөх вэ? Хэдийгээр ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэх боловч газрын тухай хуульд тодорхой суурь үндсэн заалт нь орох ёстой. Энэ талаар ямар ойлголттой байна вэ?  Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг хэдэн жилд хийх ёстой вэ?

Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ