Багийн 105 эмчид компьютер олгож, нарийн мэргэжлийн сургалт зохион байгуулав
2022.11.23
Эрүүл мэнд

Багийн 105 эмчид компьютер олгож, нарийн мэргэжлийн сургалт зохион байгуулав

Багийн эмч. Яаралтай үед морь, мотоцикл, хүний унаанд дайгдаж дуудлагад явна. Цасан хунгарт зоогдож, шаварт сууж, халуун наранд шаруулж, өвөл даарч хөрч явдаг улс.

Манайхан болсон хойно багийн эмчээ тэрүүхэндээ голмор аядна. Өөртөө ч санаа тавьж чадалгүй хүний төлөө явсаар олон сургалт, хөтөлбөрөөс хоцорно. Эмчлэх, эм тан бичих эрх нь бага, ер нь анхаарлын гадна үлддэг хэсэг хүмүүс бий.

Одоогоос 10 жилийн өмнө "ЭЛЭГ БҮТЭН ХӨВСГӨЛ" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд хөдөөгийн багийн эмч нарт чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулжээ. Багийн эмч нараа хувийн болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр унаажуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгслээр нүүр улайлгахгүй байлгах, комьютер болон бусад тоног төхөөрөмжөөр хангахад голлон анхаарч иржээ.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний заавал үзэх ёстой кредитийн сургалтын номыг 2019 онд багийн эмч нартаа зориулан хэвлүүлж хөтөлбөрийн дагуу 3 удаагийн сургалт хийсэн. Үлдсэн 4 дүгээр бүлгийн сургалтыг өнгөрсөн 7 хоногт зохион байгуулж, Хөвсгөл аймгийн бүх багийн болон өрхийн эмч нартаа зөөврийн компьютер гардуулж өглөө.

Өнгөрсөн жил бүх суманд эрүүл мэндийн Мобайл технологийн иж бүрэн тоног төхөөрөмж олгож, уулын мухарт нутагладаг малчид, иргэдээс нарийн шинжилгээ авч, аймгийн төв, 3 дахь шатлалын эмнэлгээс дүрсээ харж зөвлөгөө авах орчин бүрдсэн.

Багийн эмч нартаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгсэл бүхий эмчийн цүнх, дагалдах зүйлсээр хангалаа. Айлд аятайхан цүнхтэй, онгойлгоод анхан шатны бүх зүйл нь орчин үөийн, гарын дор байгаасай гэж хэд хэдэн удаа шинэчилсэн.

Хөдөөнийн багууд 4жи сүлжээнд орж эхэлсэн байгаа. Үүнийг дагаад манай багийн эмч нарын хурд, үйлчилгээний чанар илүү сайжирна гэж бодож байна.

Ер нь тэгээд багийн эмч нар ур чадвар сайн, өргөн мэдлэгтэй, иргэддээ эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгодог байх нь хамгийн чухал асуудал болоод байгаа гэдгийг энэ их хавдрын өвчлөл, оройтож эмнэлэгт ханддаг хавтгай үзэгдэл харуулж байна даа.

ШИНЭ МЭДЭЭ