МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​С.Одонтуяа: Орон сууцтай болж чадахгүй байгаагаас гэр бүлүүд салж байна
2022.11.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

​С.Одонтуяа: Орон сууцтай болж чадахгүй байгаагаас гэр бүлүүд салж байна

Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа. 

-Хууль зүй дотоод хэргийн яамныхан Гэр бүлийн тухай хуулийг боловсруулж дууссан байна. Өмнө нь явж байсан хуультай нэгтгэсэн гэсэн үг үү. Ер нь Гэр бүлийн хуульд ямар өөрчлөлт оруулах ёстой вэ?

-Анх 2012-2016 онд ХНХ-ын яамнаас өргөн бариад Д.Хаянхярваа гишүүн ахлаад хоёр жил явсан. Дараа нь би ахлаад явж байсан ч баталж чадаагүй, сонгууль болсон. Саяхан бас нэг өргөн бариад буцаагдсан. Одоо орж ирэх хуульд нэлээд найдаж байна. Өмнөх төсөлд гэр бүлийг төрөөс дэмжинэ гээд нэг ерөнхий заалт байсан. Яг яаж дэмжих гэж байгаагаа тодорхой бичээгүй байсан. Бусад орны хуульд нэгд нэггүй биччихсэн байдаг. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй гэр бүлд байрны урьдчилгаа өгнө ч гэдэг юм уу бүгдийг нь хуульдаа тодорхой биччихсэн байдаг.

Хуульдаа л оруулахгүй бол тухайн үед ажиллаж байгаа хүмүүсийн үзэмжээр шийдэгдэх гээд байна. Өмнөх хууль дээр мөн хамтран амьдрагчдын тал дээр маргаантай байсан. Нэг хэсэг нь хамтран амьдрагчийн асуудлыг хуульд оруулж энийг өөгшүүлж болохгүй, бүртгүүлээд гэр бүл болох ёстой гэж үзэж байсан. Харин нөгөө хэсэг нь хамтран амьдрагчийн заалт байх ёстой. Орчин үед хүмүүс гэрлэлтээ батлуулахгүй хамтран амьдарч байна. Хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс маш их маргаантай асуудал гардаг гэсэн байр суурьтай байсан. Мөн хамгийн чухал зүйл нь хүүхдийн тэтгэмжийн асуудал байсан. Гэр бүл саллаа гэхэд ерөөсөө тэтгэмжээ авч чаддаггүй. 10-20 хувь нь л тэтгэмжээ авдаг юм билээ.

-Гэр бүлийг төрөөс дэмжих ёстой гэж байна. Ямар дэмжлэг үзүүлэх ёстой юм бэ?

-Хамгийн харамсалтай нь манай улсад гэр бүл салж байгаа шалтгааны судалгааг харахад ерөөсөө л орон байрны л асуудал байдаг. Салсан хүмүүсийн дийлэнх нь 10-аас дээш жил амьдарсан, хоёроос дээш хүүхэдтэй хүмүүс байна. Энэ бол маш харамсалтай. Амьдрал нь нэлээд тогтоод ирж байгаа хүмүүс өөрсдийн гэсэн байр сууцтай болж чадахгүй байгаагаас салж байна. Аав, ээжтэйгээ цуг амьдардаг тэрнээсээ ахуйн хэрүүл маргаан үүсдэг. Тиймээс Монголын гэр бүлийг төрөөс дэмжье, салгахгүй, саринуулахгүй байя гэвэл орон сууцны асуудал дээр маш сайн анхаарч өгөх хэрэгтэй.

-Хамтран амьдрагчийн асуудлыг хуульчилж өгөх ёстой юу?

-Энэ хууль орчин үетэйгээ хөл нийлүүлж, амьдралд нийцэх ёстой. Шүүх дээр гарч байгаа маргаанууд Гэр бүлийн тухай хуульд зохицуулах заалт байхгүй байгаатай холбоотой. Одоо хуулийн төсөл өргөн барьсны дараа хэлэлцүүлэг хийж, заалт бүрээр нь ярих ёстой. Би хувьдаа хамгийн гол нь Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийг төрөөс дэмжих тодорхой заалт оруулах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-Гэр бүлээс гадуурх харилцаа маш их байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулиар хариуцлагыг нэмэгдүүлэх, хуулийг чангалах хэрэгтэй гэсэн байр  суурь сүүлийн үед их гарах болсон. Өмнөх хууль дээр энэ асуудлыг зохицуулах заалт байсан уу?

-Тухайн үед энэ асуудлыг яриагүй. Яагаад гэхээр хувь хүмүүсийн асуудлыг хуульчлах нь буруу гэж үзэж байсан. Хамгийн чухал нь хүмүүс гэр бүл болохдоо том хариуцлагыг ухамсарлах ёстой. Намайг гэр бүл болоход хуримын ордонд нэлээд хэдэн удаа хичээлд суулгаж байсан. Одоо ямар болсныг мэдэхгүй байна. Ер нь залуусыг гэр бүл болохоос нь өмнө ухамсарлуулдаг, үүрэг хариуцлагыг нь мэдүүлдэг байх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ