2022.11.17
Х.Ганхуяг: Төсвийн хуультай хэрхэн уялдаж байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Энэ хууль төсвийн хуультайгаа хэрхэн яаж уялдаж байгаа вэ? Бусад улс оронд хамрах хүрээ, төсөвт эзлэх хувиар хязгаарлаж өгдөг. Ингэж байж дараа нь бодитой болдог. Тухайлбал Англи улс 10% дотор барьж явдаг.
Гуравдугаар бүлэгт төсөл хэрэгжүүлэгч төслийг санаачилж болно гээд орсон байна. Энэ заалт хэрэггүй ээ. Мэдээлэлд ойр байгаа хүн нь таньдаг компаниараа төсөл санаачлуулаад, тусдаа шалгаруулалт болох нөхцөл үүсэхээр харагдаж байгаа юм.
Салбарын зарим хуулиудаар төр хувийн хэвшлийн түншэлэлийн гэрээ хэрэгжээд явж байгаа. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчний гэрээгээр олон тооны тусгай зөвшөөрөл өгчихсөн байдаг. Тарифыг хуулиар тогтоочихсон. Гэтэл өнөөдрийн эрчим хүчний өртөг тухайн үеийн өртөг газар тэнгэр шиг өөр болчихоод байгаа юм. Бусад улс оронд тендерээр хамгийн бага үнэ өгсөн, хамгийн шилдэг технологио шалгаруулдаг бол манайд эсрэгээрээ тарифаар нь эрчим хүчний системээ доголдох хэмжээнд хүргэчихээд байна.
Цаашдаа салбарынхаа хуулиудтай хэрхэн уялдуулах вэ?
Концессын хуулийг гоё хууль гэсэн. Гэвч сүүлдээ концессын хулгайчид болоод дууссан. Энэ хууль чинь сүүлдээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болоод дуусах вий дээ. Төртэй хийсэн болгон Монголд дампуурч байна шүү. Т.Энхтүвшин гишүүний үгтэй санал нэг байна. Эрх ашгийг нь хамгаалдаг байгуулга алга.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.