МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа
2022.11.14
Эдийн засаг, Худалдаа

2023 оны улсын төсөв эцэслэн батлагдлаа

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2022.11.11-ний өдрийн хуралдаанаар Монгол улсын 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан билээ.

2023 оны төсвийн онцлог:

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, алслагдсан аймаг, сум дүүргийг дэмжих төсөв байна. Тухайлбал, хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд 3 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох юм.

2023 онд, Боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтууд төсөв тусгасан байна. Шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьснаар 2023 онд нийт төслийн 78 хувь нь ашиглалтад орно. Үүнд: 86 сургууль, 36 дотуур байр, 103 цэцэрлэг, 62 эмнэлгийн барилга ашиглалтад оруулах боломж бий боллоо.

Анх удаа "ТӨСӨВ-2023" олон нийтийн  хэлэлцүүлэг хийж, иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн, нийт 65 сургууль цэцэрлэг,эрүүл мэндийн 19 төвийн санхүүжилтийг 2023 оны төсөвт тусгасан.

Тухайлбал, СХД-ийн 300 иргэний саналаар тус дүүргийн 12-р ЕБС-ийг ашиглалтад оруулах хөрөнгийн асуудлыг тусгалаа. Мөн Хан-Уул дүүргийн 80 иргэний саналаар тус дүүргийн 115-р сургуулийн байрыг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалт төсөвт суусан. Эдгээр сургуулиудын шинэ барилгын санхүүжилт зогсч, хөрөнгө оруулалт нь хойшилсноос болж, 3 ээлжээр хүүхдүүд хичээллэж байсан юм.

10 гаруй жил үргэлжилсэн Үндэсний номын сангийн барилгын ажлыг дуусгах хөрөнгө оруулалтыг 2023 оны төсөвт тусгасан.

Эрүүл мэнд, Боловсролын салбарт чанар, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог үргэлжлүүлж, соёл урлаг, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт хэрэгжих хөрс суурийг бүрдүүлсэн төсөв батлагдлаа.

Түүнчлэн 2023 оны төсвийн хэлэлцүүлэг хэд хэдэн онцлогтой болсон. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр бууруулж, зардлыг бууруулсан эх үүсвэрээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хөнгөлөлт эдлүүлнэ.

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөр зогссон байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Мөн хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлэв. Боомт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэн. Боловсрол, эрүүл мэндийн төсвийг тэргүүн ээлжинд шийдсэн нь онцлог байлаа

ШИНЭ МЭДЭЭ