МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.11
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Эрт илрүүлгийн ажлыг яаж хурдан үр дүнтэй дуусгах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Бодлого тодорхойлж буй сайдад тодорхой 7 асуултаар асуулга тавьсан. Надад 25 хуудас мэдээлэл ирсэн боловч уг мэдээлэлд тодорхой үр дүн, бодлого гэхээс илүүтэй статистик тоо баримтуудыг бичээд явуулжээ. Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар жил бүр тодорхой хэмжээний төсвийг баталдаг. Үүний гүйцэтгэл, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэлийг илүү их сонсоно гэж хүлээсэн. Гэвч сэтгэлд хүрсэнгүй.

Таны толгойлж буй салбар үндсэн 2 чиг үүрэгтэй. Нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөгөө нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх. Эрүүл мэндийн салбарт 2021 оны улсын төсвөөр 1,9 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнээс 158,2 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд зарцуулсан. Та бүхэн энэ дээр нэмээд эрүүл мэндийн даатгалын сангаасаа эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ гэж нэрлээд 60 тэрбум төгрөгийг зарцуулж байна.

Өнөөдөр эрт илрүүлгийн ажил чинь үр дүнтэй явахгүй байна. Та бүхний өгсөн мэдээллээр 500 мянга гаруй хүн эрт илрүүлэгт хамрагджээ. Үүнээс 70% нь буюу 330 мянга нь хүүхдүүд байна. 0-17 насны хүүхдийн үзлэгт биеийн жин, индекс, сэтгэл зүй, зан үйл, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ, биеийн өсөлтөө хэмжээд байгаа боловч хүүхдийн хавдар эрс нэмэгдэж байгаа энэ үед нарийн шинжилгээнд хамруулахгүй байгаа юм. Энийг яагаад ор, нэр төдий явуулаад байна вэ?

Эрт илрүүлгийн ажил удаашралтай байгааг олон удаа хэлсэн. Жишээлбэл Улаанбаатар хотын 30 мянган иргэдтэй нэг хороонд өдөрт 10 хүрэхгүй хүн ирж эрт илрүүлгийн шинжилгээнд орж байна. Өдөрт үзүүлж буй хүмүүсийг Монгол улсын хүн амын тоотой тооцоод үзвэл эрт илрүүлгийн ажил чинь 20 гаруй жил үргэлжлэх гээд байна. Тэгэхээр энэ ажлаа яаж хурдан дуусгаж, үр дүнтэй хэрэгжүүлэх юм бэ? Уг ажил хөдөө орон нутагт хэрэгжих боломжгүй байгааг би та бүхэнд удаа дараа хэлсэн.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ