2022.10.31
Гадаад харилцаа
Экосистемийн тэнцвэрт байдлыг хангах бүтээн байгуулалтыг дэмжсэн шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2022.10.29/ тус улсын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон-той уулзлаа.Уулзалтаар талууд агаарын бохирдлыг багасгах, автозамын түгжрэлийг бууруулах, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих үр өгөөжтэй шинэ төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж буйг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлаас хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, БНСУ-ын ЭКЗИМ банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн Үйл ажиллагаа хариуцсан захирал И Жү Хун болон албаны бусад хүмүүс байлцлаа.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02