МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.27
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Валютын сан Монгол улсын 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг юу гэж дүгнэж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Мөнгөний бодлогын төсөөллийн хувьд 2023 онд сөрөг хандлага давамгайлна гэсэн бодолтой байгаа. Тогтворгүй байдал үүсэж, эрсдэл нэмэгдэж байгаа үед 2023 оны мөнгөний бодлогод тодорхой тохируулга хийж явна гэдэгт санал нэг байна. Банкны IPO явж байгаа. Төрийн банкны IPO яваад дуусаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ дээр нууц биш бол тодорхой мэдээлэл өгнө үү. Монгол банк 2023 онд хэдэн тонн алт худалдаж авахаар төлөвлөж байгаа вэ?

Та бүгд АНУ-д очиж валютын сангийн хуралд оролцоод ирсэн. Валютын сан Монголын 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг юу гэж дүгнэж байна вэ? Ямар зөвлөгөө өгсөн бэ. Энэ хүрээнд яаж ажиллахаар төлөвлөж байна вэ?

Манайд үйлдвэрлэл унасан. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Эдийн засгийн өсөлт 1.9% өгөөжтэй бус. Инфляц 14 хувьтай байна. Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум долларын хасах алдагдалтай, урсгал данс 2.4 тэрбум долларын алдагдалтай. Он гарснаас хойш ам долларын эсрэг Монгол төгрөг 17.8 хувиар суларсан. Монгол улсын Засгийн газрын өр 28.7 их наяд төгрөг, өрхийн орлого өсөөгүй. Эдийн засгийн байдлыг та Монгол банкны Ерөнхийлөгчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?

Манай арилжааны банкууд АНУ төвтэй корреспондент банкуудтай харилцаатай ажилладаг. Миний ойлгож байгаагаар 50 орчим банктай холбоотой байсан. Гадны банкууд Монголын банктай байгуулсан харилцаа, гэрээгээ цуцалж байгаа гэсэн мэдээллүүд байна. Өнөөдрийн байдлаар хэд нь цуцлагдсан, хэчнээн корреспондент банктай харилцаатай байна вэ?

Эдийн засгийн шинжлэх ухаанд валютын ханшийг тогтоохдоо тэнцвэрийг хадгалах гэдэг ойлголт байдаг. Он гарснаас хойш ам долларын эсрэг Монгол төгрөг 17.8 хувиар унасан. Сүүлийн долоо хоногт 12 нэгжээр унаад байна. Та нар яаж тооцож байна вэ? Тэнцвэрийг хангах тал дээр Монгол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд юу хийж байна вэ?

Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ