Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2022.10.26/ 13 цаг 13 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд “Дархан арьс ширний цогцолбор” ХХК, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк", "Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк"-ийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонслоо.
Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд туссан Дархан арьс ширний цогцолбор нь жилд 4.5 сая ширхэг арьс, шир боловсруулах таван үйлдвэр, дагалдах гурван үйлдвэрийг байгуулахаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан гэдгийг онцолсон.
Мөн эхний ээлжинд үхэр, ямаа, хонины арьс шир боловсруулах тус бүр нэг үйлдвэр, цэвэрлэх байгууламж, түүхий эдийн агуулах, төв байрыг инженерийн дэд бүтэцтэйгээр нийтдээ 300 тэрбум төгрөгөөр барьж байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулсныг тодотгоод цаашдаа хоёр үйлдвэрийг нэмж байгуулахад 96.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгааг дурдав.
Харин "Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк"-ийн талаарх мэдээлэлдээ, жилд 1 сая ширхэг арьс шир, 3000 тонн ноос, 300 тонн ноолуур боловсруулах зэрэг хүчин чадалтай үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж, олон улсын байгууллагаар ТЭЗҮ-ийг хийлгэсэн. Нийт 101.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байгааг онцлоод төрийн зүгээс дэд бүтцийн асуудлыг барьж байгуулахаар болсныг дурдав.
Монгол Улсын 2022, 2023 оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд нийт 19.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгасан. Тус санхүүжилтээр авто зам, цахилгаан, дулаан хангамж, холбоо, инженерийн шугам сүлжээ, арьс ширний цэвэрлэх байгууламж зэрэг 6 багц ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 онд зарлан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулан гэрээ байгуулан ажиллаж байна. Тус гэрээнүүдэд 2022 онд 1,164.0 сая төгрөг, 2023 онд үлдэгдлийг нь гүйцэтгэлээр санхүүжүүлэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөхөөр тусгагдсан. Гэвч 2023 оны төсвийн төсөлд 5,988.4 сая төгрөг тусгаж, үлдэгдэл санхүүжилтийг 2024 онд шилжүүлэхээр байгаа нь бүтээн байгуулалтын ажлыг удаашруулах нөхцөл үүсээд байгааг онцлон тэмдэглэлээ.
Үргэлжлүүлэн “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар мэдээлэл хийв.
Тэрбээр мэдээлэлдээ, өнгөрсөн хугацаанд уг аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдээгүйгээс бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхэд бэрхшээл тулгарсныг дурдаад 2022 оны оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тавдугаар ээлжит бус хуралдаанаараа тус аж үйлдвэрийн паркийн дүрэм, чиг үүргийг шинэчлэн баталж, Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлсэн гэв.
Мөн 2016 оноос хойш 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, зураг төсөв, гол суурь судалгаануудыг хийсэн. Дэлхийн банкнаас төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд цаашлаад орлогод нийцсэн ажилчдын орон сууц, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны нарийвчилсан судалгаа хийж байгаагаа мэдээлэлдээ дурдлаа.
Уг аж үйлдвэрийн парк нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай урьдчилсан зөвшилцөж, үйлдвэрлэгч нартайгаа ярилцсаны дүнд жилд 7 сая арьс, шир боловсруулахаар төлөвлөсөн гэв.
Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, О.Цогтгэрэл, С.Бямбацогт, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, С.Ганбаатар, Т.Аубакир, Ц.Туваан нар асуулт асууж, санал хэлсэн.
Гишүүдийн зүгээс яам болон холбогдох байгууллагуудын тоон мэдээлэл зөрүүтэй байгааг анхааруулаад Монгол Улс жилдээ хэчнээн тонн арьс, шир боловсруулдгийг тодруулахын зэрэгцээ түүхий эдийн нөөц хэр байгааг лавласан. Мөн арьс, шир үнэгүйдэж байгаа шалтгаан нөхцөл, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгааг илүүтэй лавлаж байлаа.
Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Т.Баярсайхан хариултдаа, монголчууд малаа тоолдог биш бүртгэдэг болмоор байгааг тодотгоод өнөөдөр Монгол Улсад 22 сая арьс, ширийг боловсруулах хүчин чадал суурилагдсан байгааг онцолсон. Мөн тэрбээр, сүүлийн 30 жил мал эмнэлгийн хөгжлийн бодлого алдагдсан, хууль эрх зүйн орчин тааруу зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр түүхий эд үнэгүйдэж байна.
Тухайлбал, стандартын шаардлага хангасан махны үйлдвэрт бус хаа дуртай газраа мал нядалж байгаагаас арьс, шир ихээхэн гэмтэж байна. Нөгөөтээгүүр, ямааны арьсны 40 хувь нь хамуутай, үхэр, хонины арьсны 90 гаруй хувь нь хачигны сорвитой байгаагаас гадаад зах зээл дээр үнэ хүргэж чадахгүй байна. Монголд I, II зэргийн арьс гарахаа больсон гэдгийг хариултдаа онцолсон.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, “Арьс ширнийхээ тоонд бус чанарт нь анхаарах шаардлагатай байна. Арьс, ширэн эко бүтээгдэхүүн хэрэглэдэг өндөр хөгжилтэй орнуудын зүгээс чанарын шаардлагыг нэн тэргүүн тавьж байна. Манайд байгаа үйлдвэрүүд 30, 40 жилийн өмнө баригдсан, хоцрогдсон технологитой. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө, санхүүжилттэй холбоотойгоор орчин үеийн чанарын өндөр шаардлага хангасан үйлдвэрийг барьж чадахгүй байгаа. Иймд бүсчилсэн арьс ширний үйлдвэрийн цогцолборуудыг барих шаардлагатай байна” хэмээн хариулж байлаа.
Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.
Тогтоолын төсөлд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, кластер хөгжлийг хангах, Дархан арьс ширний цогцолбор, Эмээлт эко аж үйлдвэрийн парк болон Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгөхөөр тусгасан байв.
Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ц.Туваан, Ж.Батжаргал, С.Ганбаатар нар үг хэлж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд тогтоолын төслийн 2 дахь заалтад “техник эдийн засгийн үнэлгээ, зураг төсөв боловсруулж байгааг таслан зогсоож, гаргасан шийдвэрийг УИХ-д танилцуулах” гэж нэмэх, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар төслийн 3 дахь заалтын “бүтээн байгуулалтыг дэмжих” гэсний дараа “хэрэгжүүлэх” гэж нэмэх, Улсын Их Хурлын С.Бямбацогт төслийн 4 дэх заалтад “Шинэ ховд үйлдвэр технологийн парк"-ийн бүтээн байгуулалтын ажил удааширсан шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг түргэвчлэх” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив