Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Байнгын хорооноос баталсан тогтоолын хэрэгжилт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2022.10.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Байнгын хорооноос баталсан тогтоолын хэрэгжилт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.10.25/ хуралдаан 15 цагт 10 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, Байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилт, Байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”,“Намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, “Мал, махны экспортын асуудал” гэсэн дөрвөн чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийлээ.

Байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд улсын хэмжээнд 2022 онд 378.1 мянган үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаан буудайн тариалалт хийсэн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа тодотгоод 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 291.1 мянган га-гаас 353.4 мянган тонн үр тариа, үүнээс 271.5 мянган га-гаас 334.4 мянган тонн улаанбуудай хураан аваад байна гэв.

Мөн тэрбээр, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан, стандартын шаардлага хангасан хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногооны хүлэмжийн таримлын үрийн үнийг 82 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэнтэй холбогдуулан тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн батласныг дурдав.

Түүнчлэн улсын хэмжээнд 18.8 мянган га-д төмс тарьснаас ургац хураалтын явц 92 хувьтай байгааг тодотгоод энэ онд тэжээлийн тарималыг 67.9 мянган талбайд, тосны ургамал 115000 га-д тариалсан. Газар тариалангийн зориулалттай техник, усалгааны тоног төхөөрөмж, шинэчлэлд санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Беларусь Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 6 сая еврогийн тэжээл бэлтгэх 445 нэгж техникийг нийлүүлэх гэрээ байгуулсан гэдгийг онцолж байлаа.

Одоогийн байдлаар 10 бордооны үйлдвэр ажиллаж, жилд 10000 тонн бордоо үйлдвэрлэж байгаагийн ихэнх хувь нь төмс, хүнсний ногооны нөхөн сэргээлтэд хэрэглэж байна. Эрдэс бордооны үйлдвэр байгуулах, нарийвчилсан судалгаа хийх ажлын даалгавар боловсруулж, ТЭЗҮ хийлгэх санхүүжилтийн хүсэлтийг “Хөдөөгийн хөгжил” төслийн нэгжид хүргүүлсэн гэдгийг Х.Болорчулуун сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн Хүнсний хангамж, аюулгүй ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор усны эх үүсвэр бүхий газарт төмс, хүнсний ногоо 1871 га, жимс жимсгэнэ 1450 га, малын тэжээл 4009 га, мод үржүүлгийн газар 1450 га-гаар нэмэгдүүлээд байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлуулж, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 270 га хүртэл нэмэгдүүлэн хөгжүүлж, хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, дулааны хангамж, дэд бүтэц бүхий бүс нутгуудад 50 га өвлийн хүлэмж, жин цогцолбор, аж ахуй шинээр байгуулахаар тусган, хэрэгжилтийг зохион байгуулж байна гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал горимын санал гаргав. Тэрбээр, Байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”,“Намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”, “Мал, махны экспортын асуудал” -аарх сайдын мэдээлүүдийг нэгтгэн, хэлэлцэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

"Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах" 04 дүгээр тогтоолын хүрээнд мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн ерөнхий газраас 2023 оны төсөвт 46.7 тэрбум төгрөгийн саналыг өгсөн гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.

Улсын хэмжээнд хил дамжин халдварладаг олон улсын худалдааны хорио цээрт дөрвөн төрлийн гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 2022 онд нийт 20 аймгийн 203 сумын 460 голомтод нийт 359800 толгой мал шүлхий өвчнөөр өвчилж, өнөөдрийн байдлаар нэг аймгийн нэг сум, сумын нэг голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжиж, гурван аймгийн дөрвөн сумын таван голомт хязгаарлалтын дэглэмд шилжиж, 15 аймгийн 198 сумын 454 голомтын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлаад байна гэв.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан мал, амьтны эмнэлгийн байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэгт хамаарч байсан хүнс, хөдөө аж ахуйн хяналтыг салбарын яаманд шилжин ирэх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг дахин боловсруулаад байгааг дурдлаа.

Салбарын сайд мал, махны экспортын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэлдээ, “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан.

Одоогоор Орос, Казакстан, Узбекстан, Иран зэрэг орнуудад адуу, хонины хөлдөөсөн махыг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 3.5 мянган тонн мах экспортлоод байна. БНХАУ-тай мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх арга хэмжээг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийг үүрэгжүүлсэн нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж буйг онцлов.

Түүнчлэн намрын ургац хураалтын явцын талаарх мэдээлэлдээ, 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 291.1 мянган га-гаас 353.4 мянган тонн үр тариа, үүнээс 271.5 мянган га-гаас 334.4 мянган тонн улаанбуудай, 19.3 мянган га-гаас 206.4 мянган тонн төмс, 10.9 мянган га-гаас 120.9 мянган тонн хүнсний ногоо, 37.2 мянган га-гаас 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 77.2 мянган га-гаас 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа бөгөөд үр тарианы хураалт 82.4 хувьтай байгаа бол төмс, хүнсний ногооны ургац хураалт үндсэндээ дуусч хадгалалт, борлуулалтын ажил эрчимтэй өрнөж байгааг дурдсан.

Улаанбуудайн шинэ ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сан өр, авлага болон худалдан авалтаар 16,9 мянган тонн хүнсний буудай, дотоодын гурилын үйлдвэрүүдэд 95,0 мянган тонн хүнсний улаанбуудай хүлээн авсныг дурдахын зэрэгцээ одоогоор улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны 253.8 мянган тонн багтаамжтай 7.3 мянган ширхэг зоорь, агуулах бүртгэлтэй байна. Мөн сэргээн засварлан ашиглах боломжтой төмс, хүнсний ногооны 200-1000 тонны багтаамжтай 24,8 мянган тонны багтаамжтай хуучин зоориуд байгааг сайд мэдээлэлдээ онцлов.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Н.Ганибал, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, Г.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Т.Аубакир, Б.Бейсен, Т.Энхтүвшин нар асуулт асууж, санал хэлсэн.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, экспортын асуудлаар хяналт шалгалт хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Н.Ганибал, Ц.Туваан, Б.Бейсен, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болов. Энэ талаарх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ