МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
2022.10.25
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад дараах зорилтуудыг чиглүүлж байна.

Үүнд;

-Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

-эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх, төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;

-өрийн удирдлагын стратеги оновчтой хэрэгжүүлэх;

-халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллын зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;

-хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно гэв.

Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар төрийн хүнд суртлыг арилгах, цахим шилжилтийг цогц бодлого, зохицуулалт, уялдаа холбоог хангах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн үйлчилгээний нэгдсэн газрыг байгуулж, холбогдох зардлыг тусгалаа. Ингэснээр төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг хянаж сайжруулах, үйлчилгээний шат дамжлагыг оновчтой болгох ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хүнд сурталгүй, шат дамжлага багатай төрийн үйлчилгээг операторын горимд нийцүүлэн байгуулах ач холбогдолтой.

Төрийн үйлчилгээний нэгдсэн газрыг байгуулж байгаатай холбогдуулан НЗДТГ, УБЕГ, Татварын ерөнхий газар, НДЕГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газруудын нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчдыг Төрийн үйлчилгээг зохицуулах газарт шилжүүлэхээр тооцлоо. Төрийн бүх шатны байгууллагаас олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ гэж салбарын сайд танилцуулгадаа тодотгосон.

Зөвшөөрөл хүсэх олгох, хяналт тавих бүхий л шатанд төрийн оролцоог цахим хэлбэрээр шийдвэрлэх, бизнес эрхлэх зөвшөөрөгдсөн чиг үүргийнхээ хүрээнд холбогдох стандартуудыг ханган үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг одоо байгаа эрх зүйн орчин, цахим төлбөрийн баримт, татвар, санхүүгийн бүртгэлийн системийн тусламжтайгаар үнэлж, ил тод, өрсөлдөөнийг дэмжсэн бизнесийн эрх зүйн орчныг бий болгохыг сайд танилцуулгадаа онцлоод төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх цогц бодлогыг дэмжиж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын харьяанд ямар нэгэн төсөв, мөнгө нэмэгдүүлэхгүйгээр холбогдох байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдыг урсгал зардлын хамт шилжүүлж, 174 орон тоотой, 5.1 тэрбумын төсөвтэй байхаар тусгалаа гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан.

Тэрбээр, танилцуулгадаа, улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байгааг онцлов.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны урсгал урсгал зардлын төсвийн төсөл өмнөх оныхоос 13.1 тэрбум төгрөгөөр өссөн байгааг танилцуулгадаа тодотгоод төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч УИХ-д гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өгснийг тодотгосон.

Мөн Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг танилцуулж байгаагаа Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч онцлон тэмдэглэв.

Тухайлбал, Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий-2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэлээ.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байгааг тодотгохын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон байна. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна гэж байлаа.

Төсвийн төсөлд тусгасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар баталсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлэх, сонгох, эрэмбэлэх үйл ажиллагааны журам болон аргачлалууд”-ын дагуу 16 шалгуур үзүүлэлтээр цахим системд төлөвлөн, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж төлөвлөсөн байгааг танилцуулгадаа дурдсан.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Э.Батшугар нар асуулт асууж, үг хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.

Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Цахим шилжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөхөөр боловсруулсан уг тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин төслийн 1, 4 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Ганхуяг нар төсөлд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт төрийн аудит хийлгэх зэрэг санал гаргаж байв.

Ингээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив

ШИНЭ МЭДЭЭ