МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв
2022.10.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Шинжлэх ухааны академи түүний харьяа зарим хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр аливаа улс орны хөгжлийн тулгуур суурь салбар бол шинжлэх ухаан. Сүүлийн 30 гаруй жил бид өөрсдийн хөгжлийн сууриа шинжлэх ухаанч судалгаанд тулгуурлан зөв эрэмбэлж чадсангүй. Цаашид  шинжлэх ухааны бодит судалгаагүй хөгжлийн тухай ярих боломжгүйг цаг үе харуулж байна хэмээн онцолсон юм.

Мөн шинжлэх ухааны хөрөнгө оруулалт орхигдсон, ажиллах орчин нөхцөл муу,  багаж тоног төхөөрөмж тааруу, эрдэм шинжилгээний ажилчдын цалин бага, энэ салбарт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгаа зэрэг олон тулгамдсан асуудал бий гээд цаашдаа Байнгын хорооны даргын хувьд тус салбарт тулгамдаад байгаа асуудлыг эрэмбэлж шийдэхэд анхаарч ажиллана гэлээ.

Нэн түрүүнд Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд Боловсролын багц хуультай хамт хэлэлцүүлэн батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эрдэмтэн судлаачдын оролцоо тэдний санал бодол чухал гэдгийг уулзалтын үеэр хэлсэн юм.

Харин ШУА-ийн зүгээс сүүлийн 100 жил хийгээгүй бүтээн байгуулалтын нэг Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажил цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан цогцолборын төсөвт өртөгт нөлөөлж эхэлсэн гэдгийг хэлж барилгыг хугацаанд нь дуусгахад төсвийн хөрөнгө оруулалтад тодорхой зохицуулалт хийхийг хүслээ.

Шинжлэх ухааны салбарын 16 хүрээлэн нэг дор судалгаа шинжилгээ хийх, кластер төв болон хөгжих боломжийг энэ цогцолбор бүрдүүлэх юм. 

ШИНЭ МЭДЭЭ