2022.10.21
Орон нутгийн хөгжил

“Мишээл хүүхдийн сан” 7000 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлээд байна

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Швейцарын нүүр, амны эрүүл ахуйч Габриэлла Шмидт Корситто тэргүүтэй “Мишээл хүүхдийн сан”-гийн мэргэжлийн шүдний эмч нарын багийг урьж тойргийнхоо 12-20 дугаар хорооны 03-16 насны хүүхэд багачуудад амны хөндийн үзлэг оношилгоо, шүдний эмчилгээ, сургалтыг үнэ төлбөргүй хийв.

Швейцарын нүүр, амны эрүүл ахуйч Габриэлла Шмидт Корситто нь “Мишээл” хүүхдийн санг 2013 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө 9 дэх жилдээ Монгол улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд өөрөө энэхүү сангаа удирдан явуулж байна.

Сангийн тэргүүн хатагтай Корситто Монгол улсын амьжиргааны түвшин доогуур өрх, гэр бүлийн хүүхдүүд болон хөдөө орон нутгийн алслагдмал газрын хүүхэд багачуудад амны хөндийн эмчилгээ, үйлчилгээг хүргэх зорилготойгоор тус санг үүсгэн байгуулсан аж.

“Мишээл хүүхдийн сан” өнөөдрийн байдлаар 7000 гаруй  хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлээд байна. Тус сан нь Завхан, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатар хотод үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ хийгээд байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ